Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улс Киргизийн улс төрийн хямралд хөндлөнгөөс оролцох бодолгүй байгааг мэдэгджээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт болсон парламентын сонгуулийн үр дүнд Киргизстанд улс төрийн гүн хямрал үүсээд байгаа билээ.

Сонгуулийн маргааш нь сөрөг хүчнийхэн засгийн газрын ордныг эзлэн авч, сонгуулийн үр дүнг хүчингүй болгуулсан юм.

Үүний дараа ерөнхий сайд нь огцрох хүсэлтээ илэрхийлж, сөрөг хүчнийхэн шинэ ерөнхий сайдыг томилохоор болсон байна. Гэтэл сөрөг хүчнийхэн дотроо хоёр хуваагдаж, өөр өөрийн нэр дэвшигчийг ерөнхий сайдын суудалд суулгахаар тэмцэлдэж эхэлжээ.

Нийслэл Бишкек хотод шөнө болгон хулгай дээрэм олноор гарч, сайн дурынхан дэг журам сахиулахаар эргүүл хийж байгааг иргэд мэдээлсэн байна.

Киргизстанд өрнөж буй үйл явдалд Москва санаа зовниж байгаа ч асуудал тайван замаар шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн Лхагва гарагт мэдэгджээ.

ОХУ-ын Холбооны Зөвлөлийн гадаад бодлогын байнгын хорооны дарга Константин Косачев өчигдөр Известия сонинд ярихдаа “Орос улсад Киргизийн улс төрийн хямралд нөлөөлөх сонирхол байхгүй. Одоогоор Бишкект үүссэн эмх замбараагүй байдлыг дарахад цэргийн тусламж үзүүлэх хүсэлт ирээгүй байна. Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековоос ийм хүсэлт ирэх үндэслэл байхгүй гэж би үзэж байна. Учир нь энэ бол Киргизстаны дотоод асуудал тул өөрийн хүчээр шийдэх ёстой” гэж ярьсан байна.

Тэр бас “Ийм нөхцөл байдал үүслээ гээд Киргизстан Оросоос холдохгүй, Орос улс бол Киргизийн худалдаа, эдийн засгийн чухал түнш. Евразийн Эдийн Засгийн Холбооны гишүүнийхээ хувьд Бишкек олон давуу тал эдэлдэг. Тэд үүнийгээ алдах сонирхолгүй нь тодорхой. Тиймээс аль нэг гуравдагч этгээд нөлөөлөхгүй л бол манай хоёр орны харилцаанд аюул учрахгүй гэж би бодож байна. Харамсалтай нь ийм оролдлого гарч эхэлсэн нь бидэнд ажиглагдаж байна” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: ТАСС