Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Тав дахь удаагийн Elite MUN боловсролын үнэ цэнийг ойлгуулж, COVID-19-ийн дараах шинэ цагийг тодорхойлно

ikon.mn
2020 оны 10 сарын 9
Сурталчилгаа
 

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн Elite International MUN (EIMUN) буюу НҮБ-ын тав дахь удаагийн загвар хурлаа зохион байгуулахаар зэхэж байна.

Дэлхий 214 газар орны 36.6 сая хүнд халдварлаж, нэг сая гаруй хүнийг үхэлд хүргээд буй коронавирусийн халдварт цар тахалд боловсролын салбар хамгийн ихээр өртөж, 850 сая хүүхэд сургууль завсардсан. Боловсролын үнэ цэнийг хамгийн ихээр мэдрүүлсэн энэ цаг үед “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид “New reality after COVID” сэдвээр НҮБ-ын загвар хурлыг дахин англи, монгол, орос, хятад гэсэн дөрвөн хэлээр зохион байгуулах гэж байна.

Энэ талаар тус сургуулийн ахлах ангийн сурагчидтай ярилцлаа.

-Өнгөрсөн жилд “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль Монголд анх удаа НҮБ-ын загвар хурлыг дөрвөн хэлээр зохион байгуулсан. Тэр тусмаа сурагчид өөрсдөө хурлын бүрэн зохион байгуулсан. Тэгвэл энэ удаагийн MUN юугаараа онцлог болох вэ?

“Улаанбаатар Элит”-ийн 12 дугаар ангийн сурагч Б.Баясгалан: -Энэ жил ч мөн ахлах ангийн сурагчид бид завгар хурлыг зохион байгуулна. "Climate Reality" буюу “Уур амьсгалын бодит нөхцөл” сэдвийг өнгөрсөн жил сонгосон бол энэ жил  “New reality after COVID” буюу Коронавирусийн дараах шинэ бодит нөхцөл гэсэн сэдвийг сонгосон. Энэ хоёр сэдэв маань хоорондоо ямар их холбоотойг бид бүхэн энэ цар тахлын үеээр харж байна. Бидний амьдралын хэв маяг, эх дэлхийгээ асар хурдтай өөрчилж буй нөлөө биднийг цар тахалтай нүүр тулгалаа. 

Загвар хурал маань 11-р сарын 8-9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдна. Өнгөрсөн жилийн адил Тусгаар тогтнолын ордонд хамгийн том салбар хуралдаан болох Ерөнхий Ассамблейн хурлаа 11-р сарын 8-ны өдөр хийгээд, бусад хоёр өдрүүдэд НҮБ-ийн хороодын хурал Red Rock resort-д үргэлжлэх тул маш албан ёсны арга хэмжээ болно.

“Улаанбаатар Элит”-ийн 12 дугаар ангийн сурагч Б.Булганбаяр: -Энэ бол яах аргагүй халуун сэдэв. Яагаад гэхээр дэлхийн өнцөг булан бүрт улс орнууд, орон нутгийн байгууллагууд COVID-ийн талаар тодорхой шийдэлд хүрч чадахгүй байгаа. Үр нөлөөг нь арилгаж чадахгүй, урьдчилан сэргийлж чадахгүй байна. Тиймээс бидний үеийн өсвөр насны хүүхдүүд MUN дээр цуглаад санаа бодлоо уралдуулж, шийдэлд хүрэх, хувь нэмрээ оруулах нь чухал юм.

Red Rock resort манай хамтрагч байгууллага болсон нь энэ жилийн бас нэг онцлог. Учир нь Монголд корпорацын хэмжээнд, олон хүний сургалтыг зохион байгуулах зориулалттай ганц газар болох Red Rock resort НҮБ-тай хамтран ажилладаг бөгөөд манай сургуулийн зохион байгуулах салбар хурлыг цаашид нь дэмжин ажиллахаар болсонд бид их баяртай байгаа. Манай энэ жилийн арга хэмжээнд ОХУ, Герман, Япон, Солонгос зэрэг улсаас оролцогчид ирж оролцох хүсэлтэй байсан ч цар тахлаас болоод чадахгүй болсон. Цаашид дараа дараагийн жил энэ арга хэмжээнд маань оролцох гадаад хүүхдүүд Red Rock resort дээр ирж байрлаж байх юм.

Энэ жилээс эхлэн Голомт банктай хамтран ажиллах болсонд бид их баярлаж байгаа. Голомт банкны ах эгч нар маань энэ өдрүүдэд “NEW NORMAL, NEW OPPORTUNITY” гэсэн сэдвээр бас форум зохион байгуулж байгаа юм билээ. Манай арга хэмжээнд Голомт банкны хүүхэд залуучуудад зориулсан COLOR CARD төлбөрийн карт түншээр хамтран ажиллахаар болсон.   

Мөн QPay, хэлний орчуулгын Fly Sound, Passion water зэрэг байгууллагууд сурагчид биднийг дэмжиж MUN-ийг зохион байгуулахад урт хугацаанд хамран ажиллаж байхаар болсон нь энэ жилийн загвар хурлын нэг том онцлог. Бид хурлаа Улсын Онцгой комиссын зөвлөмжийн дагуу бүх нөхцөлийг хангаж хийхээр бэлдэж байгаа.

“Улаанбаатар Элит”-ийн 11 дүгээр ангийн сурагч М.Гарьд: -Өнгөрсөн жилийн адил энэ жил дөрвөн хэлээр зохион байгуулах учраас орос, хятад хэлний сургалттай ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд оролцох боломжтой байгаа. Сургуулийн зүгээс биднийг бүх талаар дэмжиж байгаад баярладаг. Түрүү жил ОХУ-ын Улаан-Үд хотын сургуулийн хүүхдүүдийн баг ирж амжилттай оролцоод явсан. Уг нь манай сургуультай хамтран ажилладаг Япон, Солонгос, ОХУ, Германы сургуулиудаас хүүхдүүд оролцох хүсэлтэй байсан ч харамсалтай нь коронавирусийн халдвараас шалтгаалаад энэ удаа оролцох боломжгүй болсон.

-Elite International MUN-ийн ач холбогдлын талаар ярилцъя. Өнгөрсөн жил 180 сурагч оролцсон тэр том хурлыг анх удаа дөрвөн хэлээр, анх удаа өөрсдөө зохион байгуулсны хувьд та бүхэн юу олж мэдэж авсан бэ?

М.Гарьд: -Бидний хувьд анх удаа өөрсдөө, дөрвөн хэлээр зохион байгуулсан тул ачаа нь хүнд байсан хэдий ч тэрийгээ дагаад их зүйл сурсан. Бид санхүүгийн баг, төлөөлөгчидтэй харилцах баг, менежментийн баг, логистикийн баг зэрэг багуудад хуваагдаад зохион байгуулалтаа хийсэн. Миний хувьд санхүүгийн багт орсон бөгөөд үйл ажиллагааны төсвийг гаргаж үзлээ. Том төсөвтэй, нүсэр зохион байгуулалттай арга хэмжээ юм байна гэж ойлголоо. Багийн ажиллагаа гэж юу болох, бие биенээ хүндэтгэн хамтран ажиллах, хариуцлага хүлээх, манлайлагч хүн гэж ямар байх ёстой гэх мэт бүх чадварт суралцаж байгаа.

НҮБ-ын загвар хурлаар хүүхдүүд гаргасан санал санаачилгаа нэгтгээд зөвлөмж тунхаг гаргадаг. Түүнийгээ дагаад хэлний болон бичгийн чадвар сайжрах гээд маш ач холбогдолтой.

Б.Баясгалан: -Өмнө нь загвар хуралд оролцоод л өнгөрдөг байсан бол энэ жил зохион байгуулалтад оролцсоноор ямар их ажил ордгийг мэдэж авч байна. Өмнө нь сургуулийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллаж байсан ч EIMUN зохион байгуулах ажлууд өөр түвшинд, маш их байгааг харлаа. Улам хариуцлагатай болж байгаа санагддаг.

Манай санхүүгийн багийн гишүүд байгууллагуудаар явж уулзаж арга хэмжээгээ танилцуулан, ивээн тэтгэгч, түнш хайж явахдаа бизнес уулзалтууд, төлөвлөлт, илтгэх танилцуулах ур чадварыг сурч байдаг. Маркетинг, дизайны баг маань тэгтэл маркетингийн төлөвлөгөө, загвар шийдэл, концепц, сошиал маркетингийн талаар туршлагатай болж байна. 

“Улаанбаатар Элит”-ийн 11 дүгээр ангийн сурагч Д.Агиймаа: -Би өнгөрсөн жил хүүхдүүдийг хүлээж авах багт орж ажилласан. Анх удаа л тийм их ачаалалд орж үзсэн. Энэ жил бэлтгэлтэй байгаа. Цагаа хуваарьлаж сурч байгаа. Тэгж ачаалал авч, олон зүйл сурч авсны ачаар энэ жил өөр төсөлд орж ажиллахдаа илүү сайн ажилласан. Илүү хөгжсөн гэж үзэж байгаа.

Бид энэ жил мөн зарим сургуулиудаар явж арга хэмжээгээ танилцуулах төлөвлөгөөтэй байгаа. Олон сургуулийн олон хүүхдүүдтэй хамтарч оролцох нь маш чухал юм.

“Улаанбаатар Элит”-ийн 10 дугаар ангийн сурагч Б.Хангэрэл: - Бусад загвар хурлуудаас цар хүрээ өргөн, маш сайн зохион байгуулалттай болдгийг харсан. Ялангуяа сэдэв маань маш өргөн цар хүрээтэй байгаа нь, мөн үндсэн сэдвүүд сонгон хурлыг маш оновчтой, илүү цэгцтэй явуулах чухал байдаг гэдгийг ойлгосон. Цаашид мөн хуралд үр дүнтэй оролцох, хурлыг тухайн сэдвийн хүрээнд амжилттай удирдан чиглүүлэх чиглэлээр өөрийгөө хөгжүүлье гэж төлөвлөж байгаа.

Б.Булганбаяр: -Их ажил хийхээсээ илүү нэг баг хамт олонтой яаж ажиллах вэ, наад зах нь олон нийтийн дунд биеэ хэрхэн авч явж, 170 гаруй хүүхэдтэй яаж ярилцах гэгчлэн олон зүйл сурсан. Тэр олон хүүхдийн хурлыг мэргэжлийн зохион байгуулахын тулд яаж зөв хийх вэ гэдгийг сурсан. Хамгийн гол нь нэг баг хамт олон болж оролцдогоороо олон дотно сайн найз нартай болсон.

Үүнээс гадна НҮБ-ын загвар хурлаар шийдэл гаргах талаар сурдаг. Тиймээс энэ олон туршлагаа энэ жил доод ангийнхандаа өвлүүлэн зааж туслахыг хичээж байна. Эд нар маань дараа жил мөн энэ арга хэмжээг зохион байгуулна шүү дээ.

-Өнгөрсөн жил оролцсон бусад сургуулийн хүүхдүүд ямар сэтгэгдэлтэй байсан бэ? Та нарт ямар санагдсан бэ?

Б.Булганбаяр: -Маш гоё хүлээж авсан шүү. “Миний орсон хамгийн гоё загвар хурал байлаа” гэж олон хүүхэд хэлээд ахиж оролцоно оо гэж байсан. Энэ сэтгэгдлүүд бидэнд маш их урам өгсөн.

Б.Баясгалан: -Дөрвөн хэлээр зохион байгуулж байгаа учраас хүүхдүүд оролцох боломж нь илүү нээгдэж байгаа байх гэж бодож байна. Загвар хурлууд ерөнхийдөө англи хэл дээр ихэвчлэн явагддаг байсан бол монгол, хятад, орос хэлээр анх удаа хийснээр ийм хурал байдаг гэдгийг олон хүүхэд мэдэж авсан санагддаг. Энэ жил ч мөн монгол хэлээрээ, орос, хятад хэлээр оролцох боломжтой тул монгол сургуулийн хүүхдүүд, орос, хятад хэлний сургуулийн хүүхдүүд энэ боломжийг битгий алдаарай гэж үе тэнгийнхэндээ хэлмээр байна. Ялангуяа энэ цар тахал, хөл хориотой үед энэ арга хэмжээ маань бид бүгдийн хувьд алдмааргүй боломж шүү гэдгийг онцолмоор байна.

-Энэ жилийн Elite MUN-ий үр дүнгийн тухайд ямар хүлээлттэй байна вэ?

Б.Булганбаяр: - Энэ хурлаас бусад хүүхдүүд нэг зүйлийг олж аваасай гэж хүсэж байгаа. Юу гэхээр цар тахлаас болоод хэрэв хил нээгдэхгүй бол төгсөн ангийн сурагчид бид гадаадад хэрхэн сурах вэ гэдэг сорилт тулгарч байгаа. Австралийн, Их Британийн, Канадын гэх зэрэг улсуудын сургуульд эндээс сурахын утга юу байна вэ, цахимаар сурах болбол цагийн зөрүүнээс яаж сурах вэ гэх мэт олон асуудлыг ойлгож бэлтгэлтэй болоосой гэж хүсэж байна.

Тиймээс тодорхой хэмжээгээр ойлголт авч, энэ нөхцөлд дасан зохицож, шийдлээ олох ёстой. Хүүхэд бүр цаашид бие даан суралцаж чаддаг болох ёстой юм байна гэдгий олж хараасай. Яагаад гэвэл 10 жилийн дараа дахиад нэг томуу гараад ирэхэд ямар ч нөхцөл байдалд дасан зохицож чаддаг, өөрийгөө дайчилж чаддаг, өөрийгөө хөгжүүлж чаддаг болох ёстойг цар тахал бидэнд ойлгуулж өгч байна.

М.Гарьд: -Сурагчид НҮБ-ын загвар хуралд оролцсоноор олон улсын харилцаа, багийн ажиллагаанаас гадна яриах болон бичгийн чадвар сайжирдаг. Бусад хүүхдүүдээсээ харж суралцах, өөрийгөө харуулах боломж бий.

Б.Хангэрэл: -Олон хүний дунд бусадтай зөв харилцаж, биеэ авч явахыг суралцдаг. Олон найз нөхөд, танилтай болдог. Бидэнтэй нэгдэхийн тулд фэйсбүүк хуудас (www.facebook.com/EliteInternationalMUN/ ) болон веб хуудсуудыг ( www.eimun.mn ) маань дагаарай.

 Д.Агиймаа: -Боловсрол гэдэг ямар том боломж, чухал зүйл вэ гэдгийг цар тахал мэдрүүлж, ойлгуулж байна. Боловсрол, эрүүл мэнд, гэр бүл гэдэг маш том боломж гэдэг үнэ цэнийг харуулж байгаа. Арга хэмжээнд оролцох хүүхдүүд маань үнэт зүйл, боломжоо илүү ойлгож, ирээдүй, дэлхийн асуудлуудыг илүү өргөн хүрээгээр харах, ойлгох боломжтой болох байх гэж бодож байна. НҮБ-ийн загвар хурал дээр удахгүй уулзацгаая.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.