Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Хятад иргэдийн 97 хувь нь амны хаалт тогтмол хэрэглэж байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн COVID-19 халдварын талаарх судалгааны тоймыг танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд эрдэм шинжилгээ, судалгааны 95,673 өгүүлэл хэвлэгджээ. Эмнэл зүйн 3,541 туршилт судалгаа явагдаж байгаагаас 398 нь дууссан байна. Мөн вакцин бүтээх 193 туршилт судалгаа хийгдэж байгаа.

Зарим судалгааны үр дүнгээс тоймлон хүргэвэл,

  • Ираны судлаачид уушгины өвчлөлийн үед хэрэглэдэг бромексин эмийг COVID-19 халдвартай өвчтөнүүдэд хэрэглүүлсэн байна. Нийт 78 хүн эмнэл зүйн туршилтад оролцож 39 нь бромексин эм хэрэглэсэн бол үлдсэн 39 нь стандарт эмчилгээ хийлгэжээ. Бромексин эмийг хэрэглэсэн өвчтөнүүд сэхээн амьдруулах тасагт орсон, амьсгалын аппарат хэрэглэсэн мөн нас барах тохиолдол нь мэдэгдэхүйц цөөн байжээ. Түүнчлэн туршилтын үед эмчилгээтэй холбоотой гаж сөрөг нөлөө илрээгүй байна.
     
  • Шинэ Зеландын судлаачид дунджаар хэдэн удаа нүүрэндээ хүрдэг талаар системчилсэн тойм судалгааг хийсэн байна. Үр дүнд нь цагт дунджаар 50 удаа, хамар болон нүдэндээ 68 удаа хүрдэг болохыг тогтоожээ. Коронавируст халдвар нь агаар дуслын замаас гадна нүд, ам, хамарт хүрэх үед халдварлах боломжтой тул амны хаалт зүүхээс гадна олон нийтийн газраар явахдаа нүүрэндээ хүрэхгүй байхыг зөвлөж байна.
     
  • Итали улсын эрдэмтэд коронавирусийн халдвартай иргэдийг эмчилж буй эмнлэгт орчны судалгаа хийжээ. Эмнэлгийн ариутгал хийснээс 7 цагийн дараа өвчтөний өрөөний 4, эмнэлгийн 6 цэгээс гадаргуун арчидас авч шинжлэхэд, шалны хоёр, угаалтуурын нэг цэгээс коронавирус илэрчээ. Судлаачид эмнэлгийн дотоод халдваргүйжүүлэлт тогтмол хийгдэж байгаа үед халдвар бага гарч байна гэж үзжээ.
     
  • Швед, Канад, Нигер улсын эрдэмтэд 194 орны мэдээлэлд дүн шинжилгээ хийж, нас баралтын түвшин эмчилгээний зардалтай хамааралтай байгаа эсэхийг судалжээ. Ингэхэд халдвар авсан өвчтөнүүдийн өөрөөс нь гарч буй төлбөрийн хэмжээ их байх тусам тухайн оронд нас баралтын түвшин өндөр байгааг тогтоожээ. Иймд судлаачид COVID-19 халдварын эмчилгээний зардлыг төрийн бодлогоор зохицуулж, ард иргэдээс гарах зардлыг багасгах нь нас баралтыг бууруулна гэж үзжээ.
     
  • Хятад, Польшийн эрдэмтэд амны хаалт зүүх дадал нь иргэдийн биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Польшийн 1,056, Хятадын 1,200 иргэн хамрагдсан судалгаанд хамрагдсан бөгөөд Польш иргэдийн 35 хувь, Хятад иргэдийн 97 хувь нь амны хаалт тогтмол хэрэглэж байна хэмээн хариулжээ. Польш иргэдийн дунд халдвар илэрсэн, эмнэлэгт хэвтсэн тохиолдол илүү байсан бол сэтгэл түгших, стресстэх нь Хятадын иргэдэд илүү түгээмэл байжээ.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/771976263646673/