Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн хамгийн чадварлаг залуу 10 судлаачийн тоонд Б.Марал шалгарч Оксфордын их сургуульд докторын зэрэг горилох тэтгэлэг хүртжээ

Б.Ану
2020 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Их Британийн Эрхэм дээдсийн албан ёсны мэдээллийн хуудсанд өнгөрсөн сарын 30-нд дэлхий даяар тодорхоогүй байдал үүссэн энэ үед Нэгдсэн вант улсын Хунтайж Албертын нэрэмжит Эрхэм дээдсийн сангаас судалгаа, хөгжүүлэлтэд том түлхэц болохоор залуу судлаачдад £100,000-н тэтгэлэг олгосон тухай мэдээлэгдсэн билээ.

Энэхүү санхүүжилтыг Их Британийн засгийн газрын Satellite Applications Catapult Инновацийн төвд сансрын зайнаас тандан судлах мэргэжилтэн (earth observation specialist) Баяраагийн Марал хүртсэн нь Хатан хааны сангаас тэтгэлэг хүртэж буй анхны Монгол хүн болсон юм.

Б. Марал нь 2015 онд Бристолын их сургуулийг геологич мэргэжлээр, магистрын зэрэгтэй төгссөн бөгөөд хиймэл дагуул, онгоц бүтээгч Airbus Defense and Space компанийн Англи дахь салбарт сансрын зайнаас тандан судлах шинжээчээр ажиллах хугацаандаа хиймэл дагуулын мэдээллийн шинэлэг програмуудыг боловсруулжээ. 2017 оноос Satellite Applications Catapult-д ажиллаж байгаа юм.

Б.Маралын Охсфордын их сургуульд докторын зэрэг горилох ажил нь хиймэл дагуулаас авсан өгөгдлийг хиймэл оюун ухаантай хослуулан уул уурхайн хаягдлын далан гэх мэт том хэмжээний байгууламжууд нуран унахаас эрт сэргийлэх, сэрэмжлүүлэх системийг боловсруулахад оршиж байна.

Сансарт хэдэн зуун километрийн зайнд орших Synthetic Aperture Radar хиймэл дагуул ашиглан газрын хөдөлгөөнийг өндөр нарийвчлалтай илрүүлэх боломжтой ч задгай өгөгдлийг ашиглаж болохуйц мэдээлэл болгон хөрвүүлэхэд төвөгтэй байдаг нь эдгээр бүтцийг сансраас бодитоор хянах боломжийг хязгаарлагдмал болгодог. Үүнийг шийдвэрлэхийн тулд Б.Марал нь хиймэл дагуулын хэмжилтийн геотехникийн баталгаажуулалтын тогтолцоог бий болгож, хөрсний ажиглагдсан хөдөлгөөний суурь механикийг дууриах чадвартай 3D цоо шинэ тоон загварыг боловсруулах юм. Ингэхдээ тэрбээр хиймэл оюун ухааныг ашиглан (deep learning) өмнө болсон дэд бүтцийн нуралт болон бусад геотехникийн хэрэглээнд туршиж үзэн, өргөтгөх боломжтой эрт сэрэмжлүүлэх системийг бий болгох туршилтуудыг хийх юм.

Нэгдсэн Вант улсын Хатан хааны нэр хүндтэй тэтгэлгийг авч дэлхийд 2-т бичигдэх нэр хүнд бүхий Оксфордын их сургуульд судалгааны ажлаа хийх болсон тухайгаа тэрбээр "Энэхүү тэтгэлэг нь надад салбартаа өөрийн байр сууриа хадгалахын зэрэгцээ судалгааны үр дүнгээ нээлттэй хэвлэж аль болох олон хүнд хүргэх онцгой эрх чөлөө, боломжийг олгож байна” гэжээ.

Энэхүү шинэлэг ажлыг эхлүүлэхэд түүний Перу, Бразил, Чили улсуудад уул уурхайн инженерүүд, геологичид, байгаль орчны байгууллагуудтай хамтран ажилласан нь ихээхэн урам зориг өгчээ.

Хаягдлын далан нуран унаснаар хүний амь нас эрсдэхийн зэрэгцээ байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулж, жил бүр олон тэрбум долларын алдагдалд оруулдаг ажээ. Энэ асуудал нь дэлхийн уул уурхайн салбарын хамгийн чухал асуудал байдаг бөгөөд хаягдлын далангийн хяналтыг орчин үеийн технологоор хянаж үлгэр жишээ ашиглах шаардлага нэн тэргүүнд тавигддаг ажээ.

Хунтайж Альбертийн нэрэмжит Эрхэм дээдсийн комисс (Prince Albert’s Royal Commission of the Exhibition of 1851) хэмээгдэх сан нь 1851 онд Их үзэсгэлэнг зохион байгуулахад бий болсон ба энэхүү үзэсгэлэнгээс олсон орлогоо Нэгдсэн Вант улсын инновацид хөрөнгө оруулж, тэр цагаас хойш цаашид өргөжин ирээдүйтэй шинэлэг судалгааг дэмжиж иржээ. Нийгэм, эдийн засгийн хэлбэлзлээс үл хамааралтай энэхүү Комисс нь тухайлбал, Ковид-19 цар тахлын хямрал, Их Британийн Судалгаа Хөгжил (R&D)-д тасралтгүй дэмжлэг үзүүлж, Британийн шинжлэх ухаан, инженерийн дэд түвшинг хадгалахад чиглэгдсэн юм.

Тус сангаас олгодог Үйлдвэрлэлийн тэтгэлэг нь шинжлэх ухаан, инженерийн аль ч салбарт, үйлдвэрт нэвтрэх боломж бүхий судалгаа шинжилгээг нээлттэй хийх боломжийг тухайн салбарт тэргүүлэх компанид ажилладаг хүмүүст олгодог. Санхүүжилт нь судалгаа шинжилгээний шинэ тэргүүлэх чиглэлээр ажиллах эрх чөлөөг олгож, компаниудыг их хэмжээний үнэ төлөхгүйгээр хамгийн сүүлийн үеийн судалгааг ашиглах боломжийг мөн олгодог. Хөтөлбөр нь оролцогч, дэмжигч, их сургуулиуд болон компаниудын хоорондох холбоог бий болгож бэхжүүлдэг.

Энэ жилийн хувьд, металл болон керамикийг шинэ технологиор барьцалдуулж хамгаалалтын хэрэгслийг сайжруулах, хиймэл оюун ухаан ашиглаж хувь хүнд тохирсон чихрийн шижин өвчний эмчилгээ бий болгох, мөн хиймэл оюун ухаан болон хиймэл дагуулын өгөгдөл ашиглаж томоохон байгууламжуудыг нуралтаас хамгаалах технологи зэрэг олон шилдэг судалгааны ажлууд хамрагдсан.

1851 оны үзэсгэлэнгийн Эрхэм дээдсийн комиссын дарга Бернард Тэйлор хэлэхдээ “Үйлдвэрт нэвтрэх бодит боломж бүхий Британийн инновацийг дэмжих нь урьд урьдынхаас илүү чухал байна. Ажил мэргэжлийнхээ эхэн үед байгаа гэрэл гэгээтэй, итгэл зүтгэлээр дүүрэн залуу судлаачдад өөрсдийн хийхийг хүсэж буй судалгааны ажлыг хийх эрхийг олгохын зэрэгцээ компаниуд эдгээр судалгааны үр дүнг ашиглах нь шинжлэх ухааны аж үйлдвэрт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх хамгийн шилдэг арга юм. Эмзүй, эрчим хүч, батлан хамгаалах, дэд бүтцийн салбаруудад шинэ бүтээгдэхүүн, орлогыг нээх боломж бүхий энэ жилийн судлаачид нь Британийн шинжлэх ухаанд, олон талт, онцлог бүхий авьяас чадвар байгааг тодоор харуулж байна" гэсэн юм.

Үйлдвэрлэлийн тэтгэлэг нь докторантурт суралцаж судалгаа шинжилгээний ажлаа хийх зардал, их сургуулийн төлбөр, цалингийн хувь (компани нь бусад тал цалинг нь төлнө) зэргийг хамарсан 3 хүртэлх жилийн хугацаанд эрдэм шинжилгээ болон үйлдвэрлэлийн дэмжлэг туслалцаа авах £100,000-н санхүүжилт юм. Энэхүү хөтөлбөр нь Их Британийн байгууллагууд ба аж үйлдвэрийн хоорондын хамтын харилцааг хөгжүүлж, Судалгаа Хөгжилд чиглэсэн үнэтэй санхүүжилтыг олгосноор жил бүр £2 саяар тооцогдох оюуны өмчийг шинээр бий болгоход онцгой үүрэг гүйцэтгэдэг билээ.

 

 

Эх сурвалж: Royal Commission of the Exhibition of 1851