Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Төгсөгчдийнх нь 97 хувь гадаадад ажлын байранд зуучлагддаг Циркийн сургуулийн 80 жилийн ойг явуулын асарт тэмдэглэнэ

Г.Номин, iKon.mn
2020 оны 10 сарын 9
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Циркийн уран бүтээлчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/343604963525005/

Улсын цирк 13 жилийн өмнө хувьчлагдсанаас хойш энэ урлагаас үлдсэн сүүлчийн цучил нь Циркийн сургууль болж яваа юм. Тэд энэ жил сургуулийнхаа 80 жилийн ойг тэмдэглэж байгаа ч нүүдлийн майхан цирк бариад, хүйтэнд бэлтгэлээ хийж байна.

Улсын цирк засварт орсон. Хуучин цирк буюу Дашчойлин хийдийн дуганд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гараад буй. Гэтэл циркийн шинэ барилга барих боломжгүй, төсөв мөнгө байхгүй гэсээр өнөөдрийг хүрсэн.

Тиймээс циркийн үе үеийн уран бүтээлчид хамтран явуулын асар барьж, ойдоо зориулсан энэ сарын 10, 11-нд тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж байгаагаа мэдээллээ. Явуулын асар циркэд 600 хүн тоглолт үзэх боломжтой юм байна.

Уран бүтээлчдийн зүгээс манай улсад циркийн урлаг хөгжсөн, Ази тивдээ төдийгүй дэлхийд өндрөөр үнэлэгдэж байгаа, сургалт сайтай хэдий ч хичээл явуулах байргүй болсон, төр засгаас дэмжлэг авалгүй маш их удаж байгаагаа хэлж байв. Төгсөгчдийнх нь 97 хувь гадаадад ажлын байраар хангагддаг нь тус сургуулийн сургалтын чанар ямар хэмжээнд гэдгийг илэрхийлж байдаг.

Түүнчлэн уран бүтээлчид улсын циркийг буцааж төрийн өмчид авахыг хүсэж буйгаа хэлсэн юм.

"Циркийг ийм байдалд арчаагүй байдалд хүргэсэнд үнэхээр гомдолтой байна"

Циркийн сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Раднаабазарын охин Нарантуяа "Өнөөдөр 60 гаруй настай би циркийн сургуулийн жил бүрийн ойн арга хэмжээнд оролцож ирсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл ийм гунигтай байдалд буюу асарт ойгоо тэмдэглэхийг үзээгүй. Ийм байдалд арчаагүй байдалд хүргэсэнд үнэхээр гомдолтой байна. Байгуулсан юм аа нурааж буй тодорхой жишээ бол энэ.

Циркэд засвар хийж байгаа гээд байгаа юм. Циркийнх нь зориулалтаар засаж байгаа юу, өөр зориулалттай болгож байгаа юу гэдгийг мэдэхгүй байна. Урд хэсгээр нь худалдааны газрууд болсон байсан. Худалдааг хаана ч хийж болно шүү дээ. Циркийн зориулалттай барилга бол барихад хэцүү. Бид барилга булаацалдаад байгаа юм биш шүү. Циркийн уран бүтээлчид, циркийн урлагийн асуудал яригдаж байна" гэдгийг хэлж байлаа.

"Улс хувьчилсан циркдээ сар бүр 15 сая төгрөг өгч, оюутнуудын бэлтгэлийг хийлгэдэг"

"Циркийн сургуулийн байр гурван удаа актлагдаж, дотор нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учраас оюутнуудаа бэлтгэл хийлгэхээр хувьчилсан циркдээ сар бүр 15 сая төгрөг өгдөг байдлыг үнэхээр ойлгохгүй байна. Циркийг хувьчилснаас үүдээд амьтад байхгүй болсон, агаарын гемнастикийн үзүүлбэр сүүлийн 15 жил тавигдсангүй.

Манай уран бүтээлчид олон улсын тэмцээн уралдаануудаас авч болох бүх шагналыг авч байгаа. Гэтэл төрөөс ямар ч дэмжлэг байдаггүй. Нийгмийн даатгалын шимтгэлээ хүртэл өөрсдөө хувиараа төлөөд явдаг" хэмээн ярилаа.