Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Самар түүж яваад сураггүй алга болсон хоёр иргэнийг 13 хоногийн дараа эсэн мэнд олжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НМХГ

Самар түүж яваад сураггүй алга болсон иргэдийг эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Улаан-Хад” гэдэг газарт тус аймгийн Мандал сумын харьяат иргэн 65 настай, эрэгтэй Ц, 47 настай, эрэгтэй С нар есдүгээр сарын 26-ны өдөр самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 5-нд Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын болон Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайж аравдугаар сарын 6-ны өдөр иргэн Ц-г, аравдугаар сарын 8-ны өдөр иргэн С-ийг тус тус эсэн мэнд олсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иргэд ойн дагалдах баялгийг түүх зорилгоор явж байгаад төөрч, амь насаа эрсдэлд оруулж байгаа тухай НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй хэлж байв.

Тэрбээр "Нийслэлийн Онцгой байдлын газарт ирж байгаа ихэнх дуудлагыг самар түүхээр ой модонд явж байгаад төөрсөн дуудлага эзэлж байна. 

Ер нь иргэд самар, жимс зэрэг ойн дагалдах баялгийг түүх зорилгоор явж байгаад төөрч, амь насаа эрсдэлд оруулж байна. Хүйтний улирал эхэлчихсэн тул нэг шөнө ойд хоноход л наад зах нь хөлдөх, осгох эрсдэл маш өндөр. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байж, ой мод, орон нутгийн замд явж байгаа бол холбоо барих хэрэгслээ байнга ажиллуулж байхыг онцгойлон анхааруулж байна" гэв.