Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

#БиДархлаатай аян эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхий дахиныг айдаст автуулж буй шинэ төрлийн коронавирус COVID-19-ийн цар тахалтай холбогдуулан улс орнууд ард иргэдээ сонор сэрэмжтэй байхыг уриалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг даган мөрдөхийг өдөр бүр зөвлөсөөр байна. Коронавирусийн халдвар авснаар ханиалгах, нус гоожих, хоолой өвдөх, халуурах гэх мэт шинж тэмдэг илэрч буй нь томуугийн өвчлөлийн шинж тэмдэгтэй ижил төстэй байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зэрэг олон улсын томоохон байгууллагууд тогтоогоод байна. Бага насны хүүхэд, өндөр настан,  уушгины хатгалгаатай, дархлаа султай залуу хүмүүс томуугаар өвчлөх хандлагатай байдаг.

Манай улсын хувьд, дотооддоо Коронавирусийн халдвар алдаагүй ч өвлийн улиралд ханиад, томууны дэгдэлт мэдэгдэхүйц ихэсдэг. Тодруулбал, томуу үүсгэгч вирус нь хүйтэнд тэсвэртэй тул өвлийн улиралд бага насны хүүхдүүдийн дунд тархаж, өвчин хүндэрч, уушгины хатгалгаа болж хүндрэх эрсдэл өндөр байдаг. 5 хүртэлх насны хүүхдийн дархлалын тогтолцоо, халдвар эсэргүүцэх чадвар сул байдгаас томуу болон томуу төст вирусийн халдвар авах нь элбэг. Тиймээс томуугийн улирал эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч, эмнэлгийн ачааллыг бууруулж, хүндрэлээс сэргийлэх хэрэгтэй. Энэ бүхний хамгийн оновчтой шийдэл бол вакцин юм.

 

Вакцин нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлааны тогтолцоог сайжруулах, хүндрэлийг бууруулах, байгаль дээрх ижил төрлийн үүсгэгчийн эсрэг дархлааны хариу урвалыг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой. Тодруулбал, вакцин нь тариулсан хүнийг өвчлүүлэхгүй, эсвэл тухайн өвчний хүндрэлийг үүсгэлгүйгээр дархлаа тогтоодог байна.

Дэлхий дээр өнөөдөр 20 гаруй төрлийн аюулт халдварт өвчнөөс вакцины тусламжтайгаар урьдчилан сэргийлж хэдэн зуун сая хүний амь насыг аварч байгаа билээ.

Эрүүл мэндийн хамгийн шилдэг хөрөнгө оруулалт болох вакцинд хамрагдах хоёр үндсэн шалтгаан байгаа нь өөрсдийгөө болон эргэн тойронд байгаа хүмүүсээ хамгаалах явдал билээ.

Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон даяар “Томуугаас Сэргийлье” дархлаажуулалтын аяныг эхэлж байгааг та бүхэнд дуулгаж байна. Аяны хүрээнд томуугийн эсрэг вакциныг 2-9 насны хүүхдэд үнэ төлбөргүй хийх аж.

Вакцинд хамрагдсанаар:

  1. Томуу болон томуу төст өвчнөөр өвдөхөөс болон хүндрэхээс сэргийлнэ

  2. Архаг өвчтэй хүмүүст урьдчилан сэргийлэх чухал хэрэгсэл болно

  3. Эмэгтэйчүүдэд жирэмсний болон жирэмсний дараах үед томуунаас хамгаална

  4. Хүүхдүүд, насанд хүрэгчид, ахмад настнуудад томуутай холбоотой эмнэлэгт хэвтэх эрсдэлийг бууруулна.

Вакцинд хэн, хаана, үнэгүй хамрагдаж болох вэ?

 

Улаанбаатар хотод:

  • 2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгт
  • 6 сартайгаас 9 настай цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад

Аймгийн төвд:

  • 2-5 насны цэцэрлэгийн хүүхэд тухайн цэцэрлэгийн дархлаажуулалтын түр цэгт
  • 2-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад

Вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах вэ?

  • Эмчийн үзлэгт орох
  • Дулаан хувцаслах
  • Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
 

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

  • Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
  • Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
  • Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

Вакцины эсрэг заалт:

  • Вакцинд хэт мэдрэг хүн
  • Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн
  • Сүүлийн 6 сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн
  • Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
  • Дархлал дутмагшилтай хүн
  • Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн
  • Хавдрын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн

Тиймээс эцэг эхчүүд, асран хамгаалагчдыг аянд идэвхтэй оролцож, үр, хүүхдүүдээ цэцэрлэг, сургууль, өрхийн эмнэлгээр дамжуулан томуугийн эсрэг вакцинд хамруулахыг уриалж байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл https://uni.cf/2EGCvdF веб хуудас болон UNICEF Mongolia-ийн фэйсбүүк хуудсаар зочилно уу.

Вакцины талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх видеоноос хүлээн авч үзнэ үү.

https://www.facebook.com/GenZlabMN/videos/631296604216477

Видео бэлтгэсэн: GenZ Lab

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.