Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Киргизстанд хууль үйлчлэхээ больж, эрх мэдлийн төлөө гудамжны тэмцэл эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт болсон сонгуулийн дараа Төв Азийн Киргизстан улсад эмх замбараагүй байдал бий болж, эрх мэдлийн төлөө хуулиас гадуур тэмцэл эхэлжээ.

Иргэд засаг захиргааны байруудад дайран орж, өөрийн толгойлогчийг албан тушаалд хүчээр тавьж байна. Зарим тохиолдолд дөнгөж томилогдоод байсан хүнийг илүү хүчтэй бүлэглэл тэр дор нь сольж байгаа ажээ.

Тухайлбал тус улсын Бил Бол намын дарга Алмамбет Шыкмаматов өөрийгөө Киргизстаны ерөнхий прокуророор зарлаад удаагүй байтал өөр нэг намын хэдэн зуун гишүүн албан тасалгаанд нь дайрч ороод түүнийг хүчээр зайлуулж, өөрийн хүнийг оронд нь томилсон байна.

Энэ маягаар хотуудын дарга нар, засаг захиргааны төлөөлөгчдийг хэн хүчтэй, хэн олуулаа нь дур мэдэн томилж байгаа гэнэ.

Үүнээс гадна засгийн эрхийг дамжуулах шилжилтийн үед дэг журам тогтоох зорилготой гэж өөрийгөө тодорхойлсон хэд хэдэн бүлэглэл бий болж, гудамж талбайд өөрийн дүрмийг тогтоож байна.

Зарим хэсэг нь улс орон эзэнгүй байгаа энэ үеийг ашиглан өөрийн хүмүүсийг шоронгоос суллаж байгаа ажээ.

Тухайлбал экс ерөнхийлөгч, 11 жилийн ялтай хоригдож байсан Алмазбек Атамбаев, Ата Юрт намаас сонгогдсон парламентын гишүүн асан, 10 жилийн хорих ялтай Садыр Жапаров нар ийм замаар суллагдсан байна.

Киргизийн хоёр дахь том хот Ошийн захирагч асан Мелис Мырзакматов гадаадад дүрвээд байснаа буцан ирж, албан тушаалаа эргүүлж авахаар тэмцэж эхэлжээ.

Үндсэрхэг үзлээрээ алдартай түүнийг Ош хотын захирагч байх үед 2010 онд киргиз, узбек хүмүүсийн хооронд мөргөлдөөн хэд хэдэн удаа гарч байсан юм.

Албан тушаалын төлөө тэмцэл Киргизийн ерөнхий сайдын суудлыг ч тойроогүй байна.

Мягмар гарагт нийслэл Бишкекийн нэгэн зочид буудалд хаалттай хаалганы цаана цугларсан парламентын 35 гишүүн Жапаровыг тус улсын шинэ ерөнхий сайдаар зарлажээ.

Гэтэл маргааш нь өөр хэсэг парламентчид Тилек Токтогазиевыг ерөнхий сайдаар тодруулсан байна.

Үүний дараа Киргизстан улс өдөр бүр шинэ ерөнхий сайдтай болдог болох нь гэсэн хошигнол иргэдийн дунд яригдаж эхэлжээ.

Үндсэн хуулийн дагуу парламентад олонх болсон нам ерөнхий сайдад өөрийн хүний нэрийг дэвшүүлж, парламент түүнийг нь хэлэлцэж батлах ёстой.

Ерөнхий сайдыг батлахад парламентын 120 гишүүнээс хамгийн цөөндөө 61 нь оролцох ёстой юм.

Мөн энэ чуулган олон нийт, хэвлэлд нээлттэй явагдах ёстой ажээ.

Хууль үйлчлэхгүй байгаа энэ үеийг ашиглан зарим гэмт хэргийн бүлэглэлүүд Иссыккуль, Нарын зэрэг бүс нутаг дахь алт, нүүрсний уурхайнуудыг эзэлсэн мэдээ ирж байна.

Гэмт этгээдүүд уурхайн техникийг эвдлэн сүйтгэж, ажилчдыг нь зодсон хэрэг гарчээ.

Ням гарагт болсон сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй сөрөг хүчнийхэн тэмцэж эхэлснээр Киргизстанд ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм. Сонгуулийг шударга бус болоход гол үүрэг гүйцэтгэсэн гэгдэж буй ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков энэхүү нөхцөл байдлыг зохицуулж чадах эсэх нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: BBC