Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

ICT форум-2020: Төр нь технологийн салбарыг шийдэл биш үйлчилгээ нийлүүлэгч гэж харвал дижитал шилжилт илүү хурдасна

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн бодлого, стратегид хувьд нэмэр оруулах, цахим шилжилтийн үед тулгарч буй бэрхшээл, шийдлийг эрэлхийлсэн төр, хувийн хэвшлийн хамтарсан “Цахим үндэстэн” форум өнөөдөр боллоо.  

Хүн төрөлхтний түүхэнд үнэ цэнэ бүтээгдэх аргачлал хурдтай өөрчлөгдөж буй энэ цаг үед бүх салбарын асуудлыг хурдан шийдэх, цаг хугацаа болон хөрөнгө мөнгө хэмнэх Аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үе хэдийн эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, Value= Intelligence x Capital буюу ур ухаан, хөрөнгийг хослуулсан үнэ цэнийг дэлхий дахин бүтээж байгааг сануулъя.  

Монгол Улсын хувьд ч энэ өөрчлөлтийг бий болгон технологийн хөгжилтэй хөл нийлүүлж, цахим шилжилт хийн, цахим үндэстэн болох чухал мөч бидний өмнө ирээд байгаа билээ.

Монгол Улс 2019 оны байдлаар дижитал өрсөлдөх чадварын индексээр 63 улсаас 62-т, 2020 оны Цахим засгийн хөгжлийн индексээр 193 улсаас 92 дугаар байрт тус тус жагсаж байна.

Иймд тус форумын хүрээнд хийгдсэн “Салбар хоорондын уялдаа холбоог хангах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдын хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Юнител Группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат

 
  • Юнител группийн хувьд нэг сая 400 мянга орчим хэрэглэгч байдаг. Тэдгээрийн 50% нь дижитал хэлбэрээр үйлчилгээ авдаг гэдэг нь Монголын өнөөгийн нөхцөл байдалд бол тийм ч муу статистик биш. Учир нь хоёр жилийн өмнө 10% нь дижитал хэлбэрээр үйлчилгээ авдаг байсан юм.
  • Хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг апп дотор өөрсдийн үйлчилгээг оруулж, хэрэглэхэд хамгийн хялбар байдлаар шийдэж өгвөл хамгийн хурдан шилжилт болж чадна гэдгийг бид ойлгосон. Дээрх статистикийн өсөлт хурдан байхад энэ логик нөлөөлсөн байх.  
  • Иргэд, үйлчлүүлэгчид дижитал хэлбэрээр үйлчилгээ авахад бэлэн.
  • Илүү хурдтай явъя гэвэл хамтдаа явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төрийн апп дотор хувийн хэвшлийн үйлчилгээнүүд орж, хувийн хэвшлийн апп дотор ч төрийн үйлчилгээ нь  орчихвол энэ салбарын хөгжил илүү хурдасна.
  • Төр мэдээллийн технологийн салбарынхныг шийдэл нийлүүлэгч биш үйлчилгээ нийлүүлэгч гэж харвал цахим шилжилтэд тулгамдаж буй асуудлууд шийдэгдэнэ.
  • Цогц программ хангамжийг авч явахад хамгийн багадаа мэдээллийн технологийн салбарын 20 өөр төрлийн инженер, программист болон төсөл удирддаг  хүмүүсийн нэгдэл байх шаардлагатай. Ингэж байж сайн ажиллана.
  • Төр мэдээллийн технологийн салбартай холбоотой худалдан авалт хийх гэж байгаа бол хамгийн багадаа таван  жил энэ хүмүүстэй хамтарч ажиллана гэдгээ бодолцож үзэх хэрэгтэй. Тэгэхгүй нэг жилийн худалдан авалт хийгээд дараагийн жилдээ өөрсдөө авч явна гэх байдлаар харж болохгүй.   

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ:

 
  • Ямар ч улсад төр бол IT-гийн салбарын хамгийн том худалдан авагч байдаг. Ингэхдээ төр зах зээл дээрх хамгийн мундаг бүтээгдэхүүнийг худалдаж авах ёстой.
  • Зах зээл дээрх хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг хувийн хэвшлийнхэн төрд зардаг байгаасай гэж хүсдэг.
  • Мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааны хувьд бусад салбартай харьцуулахад илүү шинэлэг, инновацлаг, эрүүл салбар гэж итгэхийг хүсдэг.  Миний хувьд энэ салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг 100-аас 60% гэж үнэлэх бөгөөд цаашид илүү сайн хамтран сайжруулах ажил их бий.  
  • Компаниуд зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн гаргая гэхээр хуульд баригдаад хангалттай инновацлаг бүтээгдэхүүн гаргаж чаддаггүй.
  • Төрийн цахим шилжилт буюу e-mongolia гэхгүйгээр компаниуд зах зээл дээр инновацлаг, шинэлэг бүтээгдэхүүн нэвтрүүлж, ард иргэдийн амьдралыг илүү амар хялбар болгоно гэсэн  хүлээлттэй байгаа.
  • IT-гийн компаниуд зөвхөн Монголдоо л тендер булаацалдаж хэрэлддэг биш хамтраад олон улсын зах зээл дээр гарах хэрэгтэй. Энэ тал дээр байр суурийг нь хамгаалж ажиллах болно.

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал

 
  • Манай улсын программ хангамж үйлдвэрлэгч нар түрүүлж алхаж байгаа нь, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай программистууд бидний дунд байгаа нь гарцаагүй үнэн. Гэхдээ бид өнөөдөр уялдаа холбоог бүрдүүлж чадаагүй.
  • Дижитал өрсөлдөх чадварын индекс гэдэг бол тоон үзүүлэлт. Дижитал засаглалыг бий болгоно гэдэг нь тоон засаглалыг л бий болгох гэж буй хэрэг.
  • Салбар болгон тоон үзүүлэлтүүдийг сайн ярьдаг болж байж бид дижитал чадвараа зөв хэмжинэ.
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар бол “хөгжлийг хурдасгадаг” гэдгийг бид ойлгоогүй. Үүнээс болж энэ салбарын нэр хүндийг төр өөрөө унагаачихсан. Иргэд нь мөнгө их урсгадаг салбар мэтээр ойлгодог болчихсон юм.  
  • Төсөл хөтөлбөрүүд амжилттай гарч ирээд явах гэхээр анхан, дунд шатандаа буюу доод түвшиндээ очоод ажлыг нураадаг нь үнэн.  
  • Чадвартай залуучуудыг мэдээллийн технологийн салбарт оруулж ажиллуулах гэхээр Төрийн албаны тухай хууль хаалт болчихдог.
  • Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалд Монгол улс хэрхэн бэлтгэх вэ гэх бодлогын баримт бичиг байх хэрэгтэй байна.

Интерактив ХХК-ны гүйцэтгэх захирал  Б.Ууганбаяр

 
  • Мэдээллийн технологийг ашиглан IT төлөвлөлт хийхэд хот төлөвлөхөд хийгдэх үйл явц явагдах шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, гаргаж буй хөтөлбөр, бодлого хэрхэн уялдаатай байлгах талаар төлөвлөх нь чухал.
  • Төрийн үйлчилгээнүүдийг хийж хэрэгжүүлэх загвар байх хэрэгтэй.

Монгол банкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар:

 
  • Манай улсын санхүүгийн салбарт цахим шилжилт өндөр түвшинд хийгдчихсэн гэж хэлж болно.
  • Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаар аж ахуйн нэгжүүд орж тоглох боломжийг бүрдүүлсэн. Мөн банкуудын үзүүлж буй төлбөр тооцооны үйлчилгээний шимтгэлд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй болсон. Бид инновацийн хурдцыг бид аль болох даган явж байгаа.  
  • Финтек компаниудад хэрэглэхэд дөхөм байлгах үүднээс хуулийн хүрээнд нэгдсэн том журмыг Төв банкнаас баталж байгаа. Төлбөрийн системд оролцож болох, оролцох сонирхолтой байгууллагууд эндээс бүх мэдээллээ авах боломжтой.
  • Хуульд нийцүүлэн төлбөрийн системийг олонд хүртээмжтэй, аюулгүй байлгахаар ажиллаж байна.

"Гэрэгэ системс" ХХК-ны гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат

 
  • Нэн тэргүүнд ажлыг нураадаг дунд шатны давхаргыг цөмлөх хэрэгтэйг хэлмээр байна. Төрөөс хамгийн түрүүнд хүсэх зүйл гэвэл уулзаж, ярилцаач.  Фронт дээр байлдаж байгаа байлдагчидтайгаа уулзвал дунд нь юу тээглээд байгааг ойлгоно.  
  • Аливаа ажилд өөрчлөлт хийхэд манлайлагчид маш чухал.
  • Дээр доороосоо сэтгэл нэгдээд ажиллавал дижитал шилжилт арав хорин жил биш маш амархан хийх ажил.