Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Яармагийн замд гүүрэн гарц бариад өгөөч, Хотын дарга аа!

Г.Номин, iKon.mn
2020 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
2017 онд ашиглалтад орсон Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48-р сургуулийн хойд талын гүүрэн гарц /Гэрэл зургийг mpa.mn/

Наадамчдын гудамж буюу бидний хэлж заншсанаар Яармагийн замд хоёр өдөр дараалан хүүхэд амь насаа алдсан, гэмтсэн зам тээврийн осол гараад буй. Вива сити хорооллоос Нисэхийн аюулгүйн тойрог хүртэл 7 км үргэлжлэх уг зам дагуу ерөнхий боловсролын 34, 60, 118, "Шинэ Монгол Харума Фүжи", “British School of Ulaanbaatar”, “Сакура” сургуулиуд байрладаг.

ЕБС-ийн хичээл эхлэх, тарах цагаар "Шинэ Монгол Харума Фүжи", “British School of Ulaanbaatar”, “Сакура” сургуулийн ойролцоох гарцаар зам хөндлөн гарах хөдөлгөөн эрс нэмэгддэг бол баяр, амралтын өдрүүдээр Хүннү молл дэлгүүрийн орчмын явган гарцаар гарах иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг байна.

Хан-Уул дүүргийн 6, 7, 8, 9 дүгээр хорооны газар нутгийг дамнан байрладаг тус замд 2019 онд нийт зам тээврийн 289 осол, хэрэг бүртгэгдэж, ослын улмаас 23 хүн гэмтэж бэртэн, хоёр хүн амь насаа алджээ.
"Яармагийн замд хурд хэтрүүлэх тохиолдол их байдаг"

"Яармагийн зам тууш чиглэлийн зам учраас хурд хэтрүүлэх тохиолдол их байдаг. Энэ нь явган зорчигч зам хөндлөн гарахдаа осолд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас зөөврийн гурван хурд хэмжигчийг ажиллуулж, арга хэмжээ тооцдог. Тус замаар зорчихдоо хамгийн дээд тал нь 60 км/ц-ийн хурдтай зорчих ёстой. 66-90 км/ц-ийн хурдтай зорчвол 50,000 төгрөгөөр торгож, зөрчлийн 10 оноогоос 2 оноо хасдаг бол 90 км/ц-аас дээш хурдтай зорчвол 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 50,000 төгрөгөөр торгодог" гэдгийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Зоригоо хэлсэн юм.

Тэгвэл хурд хэтрүүлсэн жолоочид хариуцлага тооцохоос өөрөөр хэрхэн иргэд, хүүхдүүдийг зам тээврийн ослын эрсдлээс хамгаалах вэ?

100 айлын гүүрэн гарц жилд дунджаар 120-150 явган зорчигч зам тээврийн осолд өртөх эрсдлийг арилгажээ

Нийслэлийн хэд хэдэн байршилд гүүрэн гарц бий. Гүүрэн гарц барьснаар авто замын нэвтрүүлэх чадвар нэмэгдэхээс гадна явган зорчигч осолд өртөх эрсдлийг арилгадаг. Жишээлбэл, 100 айлд гүүрэн гарц барихаас өмнө тухайн гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч гэмтсэн осол жилд дунджаар 120-150 бүртгэгдэж, 2-3 хүн амь насаа алддаг байжээ. Тиймээс явган зорчигч осолд өртөх эрсдэлийг бууруулах зорилгоор гүүрэн гарц барьсан нь үр дүнгээ өгсөн байна. Энэ жилийн хувьд тухайн хэсэгт гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаад осолд өртөж, гэмтсэн 7 тохиолдол бүртгэгджээ.

Авто зам, явган зорчигчийн хөдөлгөөний огтлолцол байхгүй бол түгжрэл буурах, агаарын бохирдлыг багасах хамгийн гол нь явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах эерэг үр дүнг дагуулна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас 10 байршилд “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг 2019 оны 11 дүгээр сард зарлаж байсан. Тэдгээрийн дотор Наадамчдын зам/Яармагийн зам/ дээр хоёр байршилд гүүрэн гарц барих тухай тусгагдсан байв.
"Хүүхэд зам тээврийн осолд өртөөд сандарсандаа айгаад зугтаасан тохиолдлууд гарч байсан"

Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглодог.

"Зарим эцэг, эх 10 хүртэлх насны хүүхдээ ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулахдаа "ойрхон зуур гайгүй байх, машин сайн харж байгаад эсвэл хүн дагаад зам гарчихаарай" гэх байдлаар ханддаг. Хүүхэд нь ч гэнэн томоогүй учраас өөрийгөө чадна гээд бодчихдог. Гэтэл ямар нэгэн эрсдэлд өртөхөд хариу үйлдэл үзүүлэх төлөвшил бий болоогүй байдаг учраас зам тээврийн осолд өртсөн хэдий ч сандарсандаа айгаад зугтаасан тохиолдлууд гарч байсан. Тиймээс 10 хүртэлх насны хүүхдээ заавал дагуулан хөдөлгөөнд оролцож, замын хөдөлгөөний дүрмийн талаар зөв дадал хэвшлийг үлгэрлэж байгаарай.

Жолооч нарын хувьд гарц ойртон ирж байгаа тохиолдолд хурдаа хасаж, хаанаас ч хүн гараад ирж болзошгүй учраас зогсох боломжтой хурдыг сонгож хөдөлгөөнд оролцох хэрэгтэй" гэдгийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Зоригоо анхааруулж байлаа.


Гүүрэн гарц явган зорчигчийг эрсдлээс хамгаалах шийдэл гэдэг нь 100 айлын жишээн дээрээ харагдаж байна. Гэтэл хүүхэд явган хүний гарцан дээр дайруулан амь насаа алдсан газарт гүүрэн гарц барихаар зураг төслийн уралдаан хоёр ч удаа зарлагдаад ажил хэрэг болоогүй байгаа юм.

Явган зорчигчоо тэр дундаа хүүхдүүдээ ослоос хамгаалах шийдэл нь тодорхой байна. Гүүрэн гарц бариад өгөөч, Хотын дарга аа!