Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр хуруутай, тоть маягийн үлэг гүрвэлийг Монголын говиос илрүүлснээ зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Тоть хэлбэрийн үлэг гүрвэлийн цоо шинэ төрөл зүйлийг Монголын говиос илрүүлснээ Их Британийн Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд өчигдөр зарлажээ.

Шүдгүй, өд сөдтэй, холимог тэжээлтэй ийм төрлийн үлэг гүрвэлүүд одоогоос бараг зуун сая жилийн өмнөөс эхлэн амьдарч байсныг өмнө нь тогтоож, нийтэд нь овираптор гэж нэрлэсэн байна. 

Харин Монголоос олдсон шинэ төрөл зүйл нь 68 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд урд хоёр мөч нь хоёрхон хуруутайгаараа бусад ижил төрлийнхнөөсөө ялгарч байгаа гэнэ.

Бусад бүх овирапторууд урд мөчиндөө гурван хуруутай байдаг ажээ.

“Oksoko avarsan” гэж нэрлэсэн шинэ төрөл зүйл 2 метр хүртэл урт биетэй, бөөндөө сүрэглэж амьдардаг байсныг тогтоосон гэнэ.

Малтлагын үеэр нэг дор олон араг яс олдсон нь үүнийг баталж байгаа ажээ.

“Овирапторуудын урд мөчний хуруунууд эволюцийн үр дүнд хэрхэн гурваас хоёр болж хувирсныг судлах нь энэ нээлтийн хамгийн гол ач холбогдол юм” гэж “Royal Society Open Science” сэтгүүлд нийтлэгдсэн тайланд бичсэн байна.

Судалгаанд Канадын Альбертагийн их сургууль, Японы Хоккайдогийн их сургууль, Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэд оролцжээ.

 

Эх сурвалж: BBC