Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп коронавирусийн халдвар авснаа “бурхны адислал” гэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эмнэлгээс гарснаасаа хойш анх удаа видео мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлдээ тэр коронавирусийн халдвар авсан нь “бурхны адислал” байсныг хэлээд өөрийг нь эмчлэхэд ашигласан эмийг бүх Америкчуудад үнэ төлбөргүй тараахаа амлажээ.

Трамп бас бие нь түргэн сайжирсныг дахин дахин ярьж, сонгуулийн өрсөлдөөнөө үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.

Гэхдээ түүний оношилгооны хариу эерэг гарсаар байгаа юу гэсэн асуудал тодорхойгүй хэвээр байна.

“Вирусийн халдвар авсныгаа би бурхны адислал байсан гэж бодож байна. Энэ бол зүсээ хувилгасан адислал байлаа” гэж Трамп хэлжээ.

Дараа нь тэр өөрийг нь эмчлэхэд ашигласан Regeneron Pharmaceuticals Inc компанийн туршилтын эмийн үр дүнтэйг гайхаж, бусад хүмүүст ч бас хэрэглүүлэх бодолтой байгаагаа ярьсан байна.

“Би өөрийн хэрэглэсэн эмийг та бүхэнд бас өгмөөр байна. Үүнийг би үнэ төлбөргүй тараах болно” гэж Трамп хэлсэн юм.

Цагаан ордны ажилтны мэдээлснээр Трамп ажлын өрөөндөө орохдоо Роуз Гарден цэцэрлэгээр дамжиж орж байгаа гэнэ. Ингэснээр тэр бусдад вирус халдаах эрсдлээс сэргийлж байгаа ажээ.

Мөн Трампын биед сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүйг Цагаан ордны эмч Шон Конли өчигдөр мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Reuters