Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Үр минь үлдэх хорвоод хог минь хамт үлдэх вий

ikon.mn
2020 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Миний сонголтоос болж өнөөдөр ийм үр дүнд хүрлээ гэж та бодож байв уу?

"Хүмүүс төдийлөн байгаль экологи, хог хаягдлын талаар сонирхдоггүй, миний оролцох асуудал биш гэж үзэх нь өрөөсгөл. Өнөөдөр бид бүгдээрээ байгаль экологийн доройтлын хор уршгийг амсаж байгаа" гэж "Гялгар уутгүй Монгол" хөдөлгөөний санаачлагч М.Бүжинлхам ярив.

Бид аливаа байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, хог хаягдлын сэдвийг хөндөх бүрт ихэнх хүн өөрийн биш бусдын шийдэх ёстой асуудал мэт санадаг. Үүний баталгаа бол жилээс жилд нэмэгдэж буй хог хаягдлын тоон үзүүлэлт юм.  Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд төвлөрсөн хогийн цэгт хүргэж, дарж булсан нийт хог хаягдлын хэмжээ 2018 онд 3,353,548.73 тоннд хүрч, сүүлийн 10 жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгдсэн байна.

Нийт хог хаягдлын 60 хувийг ахуйн хог хаягдал эзэлж байгаа юм. Тэгвэл энэ удаад бид өөрсдөө шийдэж чадах хоёр төрлийн хог хаягдлыг бууруулах шийдлийн талаар танилцуулъя. 

Сургуулиас үйлчилгээний газар луу шилжсэн том баттерей

 

Дан цаасан хогонд нэг ширхэг хуруу зай хаявал тэр хог тэр чигтээ аюултай хаягдал болно. Гэвч иргэдийн дунд хаягдал хуруу зайгаа энгийн хаягдалтай хамт хаях тохиолдол түгээмэл. Тиймээс энэ буруу хэвшлийг өөрчлөх, хаягдал баттерей цуглуулан авах ажлыг GP баттерейн хамт олон 2018 оноос эхлүүлсэн билээ.

Анх GP баттерейн хамт олон Байгаль орчин аялал жуучлалын яамтай хамтран “Ногоон пасспорт” аяны хүрээнд ЕБС-ийн 300 сургуульд хаягдал баттерей хураан авах хогийн сав байршуулсан байна. Гэвч цугларсан хаягдлыг хураан авч, хадгалах газарт нь хүргэн өгөх ажил орхигдож байсан учир 2019 оноос эхлэн үйлчилгээний байгууллагуудад 100 ширхэг хуруу зайны багтаамжтай хаягдал баттерейн хогийн сав байршуулж эхэлжээ. Одоогоор CU, Emart, Доктор авто сүлжээ, Шангри-Лад нийт 250 хогийн сав бий. Эдгээр газарт GP баттерейг худалдаалдаг учир бараа хүргэн өгөхдөө дүүрсэн баттерейн хаягдлыг авдаг гэнэ.

GP баттерейн хамт олны өгч буй мэдээллээр “100 ширхэг хуруу зайны багтаамжтай хаягдал баттерейн хогийн саванд 100 ширхэг хагас цэнэгтэй болон цэнэггүй баттерей бий. Энэ нь хэмжээнээс хэтэрвэл тэсэрч дэлбэрэх аюул үүснэ. Тиймээс хэрэглэгчийн зүгээс зайны цэнэгийг шавхах буюу удирдлага, ханын цаг, тооны машин зэрэг бага хүчин чадал шаардах хэрэгслээр зайны цэнэгийг бууруулж болно. Мөн ус чийгтэй баттерей өгөхөөс болгоомжлох хэрэгтэй” гэсэн юм.

Иргэдийн зүгээс хаягдал баттерейн хогийн савны байршлын талаар санал гаргадаг байна. Жишээлбэл автобусны буудал дээр байрлуулвал илүү олон хүнд хүрэх байх гэсний дагуу GP баттерейн хариуцсан ажилтнаас тодруулахад “Автобусны буудал дээр байрлуулахад хогийн сав дүүрсэн үгүйг хэн бидэнд мэдэгдэх вэ, өөр энгийн хаягдлаас ялгаад хаяж чадах уу гэх мэтчилэн асуудал бий. Бид хаягдал баттерей авах цэг сонгохдоо хүнд ойр мөн эргээд хариуцлагатай байж чадах газруудыг сонгодог. Одоо байршуулсан газрууд маань хогийн сав дүүрлээ л бол бидэн рүү залгаж мэдэгддэг. Бид тухай бүрт нь буюу ойролцоогоор нэг газарт 7-14 хоногийн давтамжтайгаар очиж хаягдал баттерейгаа авна. Цугларсан хаягдал баттерейг цэнгэг усны газарт хүлээлгэн өгдөг. 2018 оноос цуглуулсан хаягдал баттерей ойролцоогоор 20тн орчим хүрсэн. Зай устгах үйлдвэр баригдах хүртэл бидний зүгээс дууссан баттерейг цуглуулах, аюулгүй тээвэрлэх, мөн хадгалах арга л бий” гэлээ.

Нэг ширхэг хуруу зай хүрээлэн буй орчныхоо нэг метр квадрат хөрс, ойролцоох 8,000 литр усыг бохирдуулдаг байна. Мөн баттерей нь өөртөө кадми, хар тугалга, мөнгөн ус, лити зэрэг хортой металл агуулдаг. Тиймээс хаягдал баттерейг энгийн хаягдалтай хамт хаях нь бид өөрсдийн эрүүл мэндэд хортой үйлдэл хийж буй хэрэг юм.

GP баттерейн хамт олны ярьж буйгаар цэнэглэдэг нэг баттерей энгийн баттерейг 300 удаа хэрэглэсэнтэй тэнцдэг. Гэвч цугларсан хаягдал баттерейн тал хувийг муу чанарын баттерей эзэлдэг байна. Тиймээс ямар төхөөрөмжинд ямар баттерей хэрэглэх вэ гэдгээ мэдэж авах нь чухал. Нөгөө талаас бодоход нэг цэнэглэдэг баттерей энгийн 300 баттерейтай тэнцэнэ гэхээр хаягдал баттерейн гурван савыг чанаргүй, эдэлгээ багатай баттерейгаар дүүргэж байхын оронд баттерейн худалдан авалтандаа анхаарвал “Зай устгах” үйлдвэр баригдтал баттерейн хаягдлаа хянах боломжтой юм.

Нэг хүн "ҮГҮЙ" гэж хэлэхэд л 500 ширхэг нэг удаагийн аяганаас татгалзах боломжтой

Хотын гудмаар алхангаа хэдэн хогийн сав руу өнгийн харвал ус, ундааны сав, нэг удаагийн кофены аяга нүдэнд тусна. Тэгвэл эдгээр хогийг бид заавал хаях хэрэгтэй байсан уу?

Хог ангилахаас илүүтэй хог гаргахгүй байх нь чухал юм.

"Гялгар Уутгүй Монгол" хөдөлгөөний санаачлагч М.Бүжинлхам өөрийн цүнхэнд авч яваа эд зүйлсээ тайлбарлахдаа “Лаазны тухайд үйлчлүүлсэн газар маань хогоо ангилдаггүй байсан. Тиймээс хогоо аваад гараад ирсэн нь энэ. Аяганы тухайд нэг удаагийн аягыг өвчин халдварлахгүй гэж хардаг ч бид өөрсдийн аягаа аваад явах юм бол худалдан авалт бүрдээ 300-500 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой, байгальдаа ч ээлтэй, өөрийн эрүүл мэндээ хамгаалсан сонголт болно” гэж байлаа.

Зураг: М.Бүжинлхамын цүнхэн дэх байнгын хэрэгслүүд:

 

Монголчууд эрт цагт өөрсдийн аягаа авч явдаг байсан уламжлалтай.

Тэгвэл энэ уламжлалыг шинэчлээд хадгалахыг уриалж буй 700 гаруй гишүүнтэй “Уулаа” фэйсбүүк группийн өнгөрсөн сарын аян “Аягандаа уух сар” байв. Энэхүү группийн админ М.Сувданзаяа "Та өөрийн аягаа аваад ир, бид хөнгөлөлт үзүүлье гэсэн зарчмаар уриалга гаргасан. Өөрийн аягаа авч явах нь орчин үеийн залуусын бас нэг имиж нь байгаасай гэж хүсч байна" хэмээн ярив.

Видео: М.Сувданзаяагийн тодруулга: 

Утсаа бариад явж байгаатай адил усны саваа бариад явахад асуудалгүй билээ.  Энэ тухай "Уулаа" группийн гишүүдийн туршлагаас хуваалцаж байна:

 
 
 

Есдүгээр сарын аянд хамтран оролцож буй байгууллагуудын нэг болох Zoma kitchen bar “Аягандаа уулаа” аягыг борлуулж буй. Худалдаанд гаргаснаас хойш 200-аад аягыг худалдаалсан байна.

Нэг хүн жилдээ 500 ширхэг нэг удаагийн аягыг хэрэглэж хаядаг гэсэн тооцоогоор бодвол 100,000 ширхэг нэг удаагийн аягыг хог болохоос аварсан хэрэг болох нь. Мөн “Өөрийн аяга”-ндаа ус хийж уух нь жилдээ 167 ширхэг хуванцар савыг 450 жилийн турш хөрсөнд шингэж, задрахыг хүлээхгүй болголоо гэсэн үг юм. Энэ нь зөвхөн “Уулаа” фэйсбүүк групп болон Ulaanbaatar passport, Nomadic culture, Zoma kitchen bar-н хамтран гаргасан “Аягандаа уулаа” аяны жишээгээр тооцсон болно.

Дараах газрууд “Өөрийн аяга”-тайгаа ирсэн үйлчлүүлэгчиддээ хөнгөлөлт үзүүлж байна. Үүнд:

  • CU сүлжээ дэлгүүр / Аягатайгаа ирвэл кофе тус бүрийн үнээс 500 төгрөгийн хямдрал/
  • Zoma kitchen bar / Аягатайгаа ирвэл американо 2,500/
  • Nitro B /“Аягандаа уулаа”-н аягатай очоод бүх кофе 20 хувь хямдарна/
  • Rabbit room  /“Аягандаа уулаа”-н аягатай очоод бүх кофе 50 хувь хямдарна/
  • Route Greeno  /“Аягандаа уулаа”-н аягатай очоод американо 2,500төгрөг/
  • Route 22 restaurant /“Аягандаа уулаа”-н аягатай очоод американо 2,500төгрөг/
  • Lord Garden Lounge /“Аягандаа уулаа”-н аягатай очоод бүх кофе 2,500төгрөг/
  • Khailag” Grill bar /“Аягандаа уулаа”-н аягатай очоод бүх кофе 2,500төгрөгөөр уух боломжтой.

“Хүн эхлээд өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй. Юу надад таалагддаг, юу надад, манай гэр бүлд хэрэгтэй гэдгээ мэдчихвэл худалдан авалт багасч, хог ч тэр хэмжээгээрээ багасах болно. Би л гэхэд долоо хоногт нэг удаа хүнсээ цуглуулдаг. Өмнө нь юу авахаа бодож төлөвлөнө. Төлөвлөөгүй зүйл худалдаж авдаггүй. Энэ нь бусдын нүдэнд уйтгартай, нэгэн хэвийн санагдах ч миний хувьд хамгийн зөв амьдрал юм. Тиймээс өөрийгөө таньж мэдээд гарсан хогоо ангилаад, эсвэл бүр хог гаргахгүй амьдрах нь бүр ч илүү чухал юм” хэмээн "Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн" төслийн санаачлагч М.Бүжинлхам ярьж байлаа.

Тэгэхээр хог гаргах үгүй нь, түүнийгээ ангилах үгүй нь цэвэр бидний сонголт ба ирээдүйд байгаль дэлхий маань эрүүл аюулгүй байх нь өнөөдөр бидний сонгох сонголтоос шалтгаална. Гэрээсээ гарахдаа өөрийн аягаа авах уу болих уу, нэг удаагийн аяганд кофе, цайгаа уух уу, үгүй юу, дууссан баттерейгаа тусдаа саванд хаях уу, яах вэ?

Ирээдүйд үр хүүхэд маань амьдрах эх дэлхийг өнөөдөр бид сонголтоороо дамжуулан бүтээж буй.

 



Сурвалжлагыг бэлтгэсэн: "Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо" хөтөлбөрийн оролцогч Л.Амаржаргал