Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

С.Чулуун: Циркийн байранд үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг холбогдох байнгын хороогоор өнөөдөр хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин хувьчлагдсан соёлын байгууллагуудын талаар Соёлын сайд С.Чулуунаас тодрууллаа. 

УИХ-ын гишүүн П.Анужин "Цирк, кино үйлдвэр зэрэг байгууллагуудыг менежментийн хувьчлалаар хувьчилсан байдаг. Уул уурхай дээр улсын зардлаар хайгуул хийсэн газрыг улс буцааж авна гэдэг зүйл бий. Цирк, кино театруудыг тухайн үеийнхээ хуулийн дагуу гэрээ хэлцэл хийгээд авсан байх. Харамсалтай нь хувьчлал дагаад энэ салбарууд унасан. Энэ тал дээр Соёлын яам ямар бодлого баримталж байна вэ. Эргэн ярилцаж, тодорхой тохиолдолд менежентийн хувьчлалаар авсан хүмүүсийг хохиролгүй болгох яриа хэлэлцээрүүд хийх боломж бий юу" гэдгийг тодрууллаа. 

Харин Соёлын сайд С.Чулуун "Соёлын яам энэ асуудал дээр тодорхой бодлого баримталж байгаа. 1990 оноос хойш хамгийн их асуудалд өртсөн салбар бол соёлын салбар. Эхнээс нь бид газруудтай танилцаж байна. Цирк гэхэд циркийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй, хүүхдүүд шороон дээр тоглож байна.

Бид ажлын хэсэг гаргаад эрх зүйн гэрээ, холбоотой бүх зүйлийг судалж байгаа. Кино үйлдвэр дээр энэ долоо хоногийг сүүлээр очиж, танилцана. Ажлын хэсгийн хийсэн дүгнэлтийг танд хүргүүлэх болно. Энэ асуудал дээр манай яам онцгой анхаарч байгаа" гэдэг хариулт өгөв.