Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсыг Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас гаргасан"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны яамнаас мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/666467530954800/

Монгол Улс ЕХ-ны Саарал жагсаалтаас гарсан гэх мэдээллийг ГХ-ны сайд Н.Энхтайван өнөөдөр өгсөн ба уг мэдээлэлтэй холбоотойгоор ГХЯ-наас тайлбар өглөө. 

Энэ үеэр тус яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөх Б.Мандахбилэг Монгол Улс Европын холбооны Хар жагсаалтаас гараагүй хэвээр байгаа гэдгийг хэллээ. 

Тэрбээр "Монгол Улсын чухал гуравдагч хөрш болох Европын холбоо өнгөрсөн шөнө нааштай шийдвэр гаргалаа. Энэ бол Монгол Улсыг татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас бүр мөсөн гаргасан явдал. 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд Монгол Улсыг ЕХ тухайн үед бүр Хар жагсаалтдаа оруулсан. У.Хүрэлсүхийн анхдугаар Засгийн газар яаралтай арга хэмжээ авч, ГХЯ, СЯ шуурхай ажиллаж, Монгол Улсыг тус Хар жагсаалтаас 2018 оны нэгдүгээр сарын 23-нд гаргасан. Тус Хар жагсаалтад Монгол Улс 49 хоног байж байгаад гарсан. 

ЕХ-ны өмнө бид татварын асуудлаар ЕХ болон Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага(OECD)-ын стандартуудыг Монголд нэвтрүүлж ажиллах, Европын холбооны ААН, иргэд татвараас зайлсхийж Монголд ирэхэд зохих мэдээллийг ЕХ-нд өгч байх үүргийг хүлээсэн. Үүргийг хууль эрх зүйн хүрээнд хийгдэх тул Татавырн багц хуульд манайх шинэчлэл хийж, үүргүүдийг тусгасан. Мөн олон улсын хоёр байгууллагад элсэж орсон. 

Захиргааны болон татварын асуудлаар хамтран ажиллах олон улсын конвенцэд нэгдэн орсон. 

Энэ оны нэгдүгээр сарын 3-нд Монгол Улс энэ конвенцыг соёрхон баталж, Ерөнхийлөгч батламж жуух бичигт гарын үсэг зураад ГХЯ-наас тус байгууллагын ЕНБДарга нарын газарт батламж жуух бичгийг хоёрдугаар сарын 19-нд гардуулсан. Энэ конвенц зургаадугаар сарын 1-нээс Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. 

Манайх ЕХ-ны өмнө хүлээсэн амлалтаа биелүүлсэн тул өчигдөр ЕХ-ны Сангийн сайд нарын зөвлөл Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас бүр мөсөн хаслаа. 

Европын холбоонд хоёр жагсаалт байгаа. Бид Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас гарлаа.

ФАТФ-ын Саарал жагсаалттай холбоотойгоор ЕХ-нд бас уялдаатай Саарал жагсаалт бий. Энэ жагсаалтаас хараахан гараагүй байна. Гэхдээ энэ жагсаалтаас гарахад өчигдрийн шийдвэр шууд бусаар эерэг нөлөө үзүүлнэ" гэв.

Өөрөөр хэлбэл, мөнгө угаахтай тэмцэхтэй холбоотой ЕХ-ын Хар жагсаалтаас манайд улс гараагүй гэдгийг тэрбээр тодотгож, ийнхүү тайлбарлалаа.