Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Математикийн Олимпиадын Хороо, iKon.mn сайт Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

ikon.mn
2020 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс 1965 оноос Олон Улсын Математикийн Олимпиадад (ОУМО) оролцож байгаа ууган орнуудын нэг билээ.

ОУМО нь дэлхийн түүхэн дэх шинжлэх ухааны сэдэвтэй хамгийн анхны олимпиад бөгөөд анх 1959 онд долоон улс оролцож байсан бол өдгөө 110 гаруй орноос оролцогч илгээн, сэтгэлгээний гоо сайхныг манлайлахын төлөө өрсөлддөг болсон байна.

Монгол Улсын хувьд 2019 онд Их Британид болсон ОУ-ын 60 дахь удаагийн олимпиадаас нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл, нэг шагналт байрын эзэн болсон бол энэ жил олимпиад цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, Монгол Улс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, хоёр шагналт байр эзэлсэн амжилт үзүүлээд буй. 2020 оны 61 дэх удаагийн олимпиадын оролцогчдын гаргасан амжилт нь Монголын математикчдын түүхэнд бичигдэх амжилт болж байна. Учир нь алтан медалийн эзэн болсон “Шинэ Монгол” ахлах сургуулийн сурагч О.Мишээл 36 оноогоор 99.51%-ийн гүйцэтгэл үзүүлж, чансаагаараа дэлхийд дөрөвт бичигдсэн явдал юм.

Мөн энэ жилийн мөнгөн медалийн эзэн “Сант” сургуулийн сурагч А.Нямдаваа нь олон улсын мэдээлэл, технологийн олимпиадад оролцож, Монгол Улсын анхны алтан медалийг эх орондоо авч ирсэн билээ. Монголын оролцогчдын энэхүү амжилтыг бататгах, ахиулах, ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад хүрч буй байгалийн шинжлэх ухааны хөтөлбөрүүдийг чанаржуулах, хүүхэд багачуудын дур сонирхлыг нэмэгдүүлэх хүрээнд Монголын Математикийн Олимпиадын Хороо ТББ, iKon.mn сайттай өнөөдөр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Санамж бичигт iKon.mn-ийг төлөөлж Ерөнхий редактор Ч.Болортуяа, ММОХ ТББ-ыг төлөөлж ММОХ ТББ-ын дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин нар гарын үсэг зурлаа.

 

Энэ үеэр ММОХ ТББ-ын дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Монгол Улс дэлхийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхахын тулд байгалийн шинжлэх ухааны хичээлийн хөтөлбөрийг илүү сонирхолтой, тэгш хүртээмжтэй болгох тал дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй. Улмаар хүүхэд, багачуудын STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн салбарт илүү дур сонирхолтой болгох шаардлага байгаа билээ” гэсэн юм.

 

iKon.mn сайтын Ерөнхий редактор Ч.Болортуяа “iKon.mn сүүлийн жилүүдэд Боловсролын салбар, тэр дундаа боловсролын тэгш бус байдлыг бууруулах чиглэлд сурвалжилга, нийтлэлүүдийг бэлтгэн ирсэн. Тиймээс ч олимпиадад оролцогч сурагчдын амжилтыг тархаах, нийтийн боловсрол, тэр дундаа байгалийн шинжлэх ухааны хөтөлбөрүүдийг илүү чанаржуулах, сурагчдыг энэ чиглэлд сонирхолтой болгох нөлөөллийн контентууд бэлтгэн ажиллахыг дэмжиж байгаа учраас өнөөдрийн санамж бичигт гарын үсэг зурлаа” гэв.

Монгол Улс олимпиадад оролцогч ууган орны нэг ч ОУМО-ыг эх орондоо зохион байгуулж амжаагүй байгаа юм. Тиймээс Монголын Математикийн Олимпиадын Хороо өнгөрсөн жил ОУМО-ын зөвлөл рүү Монголд ОУМО-ыг зохион байгуулах саналаа хүргүүлээд байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.