Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Камчаткийн хойгт үүссэн экологийн сүйрлийг Оросын эрдэмтэд судалж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын зүүн хойд бүсийн Камчаткийн хойгийн Авача эргийн далайн усанд амьдардаг амьтдын 95 хувь нь үл мэдэгдэх шалтгаанаар үхсэнийг эрдэмтэд тогтоожээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эрэг дагуу хавч, наймаалж, загас зэрэг амьтад олноор үхсэн байгаа дүр зураг Оросын сошиал ертөнцөд тарснаар уг гамшиг эрх баригчдын анхаарлын төвд орж байв.

Мөн орон нутгийн хүмүүс эрэг хавийн усанд орсны дараа нүдэнд нь асуудал үүсэж байгааг мэдээлжээ.

Авача эргийн усыг судалсан эрдэмтэд энэ хэсгийн усанд амьдардаг бүх амьд организмын 95 хувь нь үхсэн гэх дүгнэлтийг гаргасан байна.

“Зарим том загас, сам хорхой, хавч зэрэг амьтад амьд үлдсэн ч тоо хэмжээ нь маш бага байна” гэж Номхон Далайн газар зүйн хүрээлэнгийн судлаач Иван Усатов мэдээлжээ.

Түүний мэдээлснээр далайд цутгадаг Налычево голын ус бараан өнгийн хөөстэй болсныг тогтоосон гэнэ.

Усан дотор зураг авдаг гэрэл зурагчин Александр Коробок эрэг хавийн усанд шумбасныхаа дараа “Энд байгаль орчны томоохон гамшиг болжээ. Экосистемд ноцтой хохирол учирч, урт хугацаанд нөлөөлөхөөр байна” гэж ярьжээ. Усанд шумбасны дараа Коробокын арьс өвчилсөн байна.

Лабораторийн шинжилгээний хариу гарах хүртэл гамшгийн учир шалтгааныг тогтоох боломжгүй байгааг Камчаткийн захирагч Владимир Солодов өнгөрсөн Даваа гарагт мэдэгджээ.

Үзэсгэлэнтэй байгальтай Камчатка нь Оросын алс дорнодод Номхон далайн хөвөөнд оршдог бүс нутаг юм. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй энэ нутагт 100 гаруй галт уул байдаг байна.

 

Эх сурвалж: Russia Today