Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Киргизийн сөрөг хүчнийхэн засгийн эрхийг булааж, сонгуулийн дүнг хүчингүй болголоо

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт болж өнгөрсөн парламентын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй сөрөг хүчнийхэн өчигдөр Киргизстаны төрийн эрхийг авснаа зарлажээ.

Өчигдөр тэмцэгчдийн дайралтын үр дүнд хорих газраас суллагдсан сөрөг хүчний улс төрч Садыр Жапаров ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болсон байна.

Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков огцрох бодолтой байгаагаа мэдэгджээ. Гэхдээ тэр “хүчтэй удирдагчид халаагаа өгөхөд бэлэн” гэж ярьсан ч тодорхой нэр дурдаагүй байна.

Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд Даваа гарагт нийслэл Бишкек хотын төвд жагсаал зохион байгуулж, орой нь парламентын ордон руу дайрсан юм.

Мягмар гарагийн өглөө тэд улс төрийн хэд хэдэн хоригдлыг шоронгоос сулласан байна.

Тэдгээрийн дотор Садыр Жапаров, экс ерөнхийлөгч Алмазбек Атамбаев зэрэг хүмүүс байжээ.

Ням гарагийн сонгуульд нийт 16 улс төрийн нам өрсөлдсөнөөс дөрвөн нам парламентад суудал авах саналын босгыг давж чадсан юм. Тэдгээрийн гурав нь ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын талыг баримтлагчид байжээ.

Өчигдөр Киргизстаны сонгуулийн төв хороо улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд сонгуулийн үр дүнг хүчингүй болгож байгаагаа зарласан байна.

Ордноосоо хөөгдсөн Киргизийн парламент өчигдөр Бишкекийн нэгэн зочид буудалд ээлжит бус чуулганаа зохион байгуулжээ.

Тус улсын иргэд 2005 оноос хойш гурав дахь ерөнхийлөгчийнхөө засаглалын эсрэг бослого тэмцэл гаргаж байгаа нь энэ юм. 

1991 онд Зөвлөлт Холбоот Улс задрахад тусгаар тогтносон Киргизстан нь бусад хөрш “стан” орнуудтай харьцуулахад илүү нээлттэй, чөлөөт сонгуулиар эрх баригчдаа сонгодог гэгддэг.

 

Эх сурвалж: BBC