Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ, Британи, Германы хар нүх судлаачид физикийн салбарын Нобелийн шагналыг хүртэхээр боллоо

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Нобелийн шагналын хороо энэ оны физикийн салбарын шагналтнуудыг зарлалаа.

Энэ оны шагналыг хар нүх судлаачид болох Их Британийн эрдэмтэн Рожер Пэнроуз, АНУ-ын эрдэмтэн Андреа Гез, Германы эрдэмтэн Райнхард Генцель нар хувааж хүртэхээр болжээ.

Оксфордын их сургуулийн профессор, 89 настай Пэнроуз шагналын мөнгөний талыг, нөгөө хоёр нь үлдсэн талыг хувааж хүртэхээр болсон байна.

Пэнроуз нь харьцангуйн ерөнхий онолын шууд үр дүнд хар нүх бий болдгийг математик аргаар баталсан эрдэмтэн юм.

Харин Макс Планкийн Хүрээлэнгийн эрдэмтэн, 68 настай Генцель, Калифорнийн их сургуулийн эрдэмтэн, 55 настай Гез нар манай галаксийн төвд нүдэнд үл үзэгдэх аварга том хар нүх оршдогийг нээсэн хүмүүс юм байна.

Даваа гарагт энэ оны анагаах ухааны салбарын шагналтнуудыг зарласан юм. Өнөөдөр орой  хими, маргааш утга зохиол, нөгөөдөр энх тайвны шагналтнуудыг зарлаж, Даваа гарагт эдийн засгийн шагналтныг зарласнаар энэ оны Нобелийн шагналтнууд тодорч дуусна.

Дээрх гурван эрдэмтэн 10 сая швед кроны ($1.1 сая) мөнгөн шагналыг хувааж хүртэх юм.

АНУ-ын эрдэмтэн Андреа Гез нь физикийн салбарын Нобелийн шагнал хүртсэн дөрөв дэх эмэгтэй болж түүхэнд бичигдэж байна. Түүний өмнө 1903 онд Мэри Кюри, 1963 онд Мария Гопперт Майер, 2018 онд Донна Стриклэнд нар энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байжээ.

Нобелийн шагнал гардуулах ёслол жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Шведийн нийслэл Стокгольм хотод зохион байгуулагддаг ч энэ жил цар тахлын улмаас виртуал орчинд зохион байгуулагдах юм.

Шагнал гардуулдаг өдөр нь Нобелийн шагналыг санаачлагч, динамитыг зохион бүтээгч Альфред Нобелийн нас барсан өдөр ажээ. Түүний гэрээслэлийн дагуу шагналыг 1901 оноос хойш олгож байгаа.

 

Эх сурвалж: AFP