Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

H&M компани ажилчдынхаа хувийн мэдээлэлд халдсан хэрэгт буруутгагдаж, их хэмжээний мөнгөн торгууль хүлээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Бэлэн хувцасны H&M компани олон зуун ажилчныхаа хувийн мэдээллийг хууль бус аргаар цуглуулж байсан нь тогтоогдож, 35.3 сая еврогийн торгууль хүлээжээ.

Тус компанийн Нюрнбэрг хот дахь үйлчилгээний төв ажилчдынхаа гэр бүл, шашин шүтлэг, өвчин хууч зэрэг хэт хувийн мэдээллийг цуглуулж, ажилдаа ашигладаг байсныг Герман улсын хууль хяналтынхан шалгаж тогтоосон байна.

H&M компани буруугаа хүлээж, ажилчдынхаа хохирлыг нөхөн төлөхөө амлажээ.

Компанийн менежэрүүд ажилчдынхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг бүрдүүлж, үүнийгээ тэдний ажлыг үнэлэх, ажлаас халах шийдвэр гаргахдаа ашиглаж байсан гэнэ.

Европын Холбооны орнуудад GDPR (General Data Protection Regulation) хувийн мэдээллийг хамгаалах зохицуулалт 2018 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн юм.

H&M компанийн торгууль нь энэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш хэмжээгээрээ хоёрдугаарт орох том торгууль болсон байна.

Өнгөрсөн онд Францын хууль сахиулагчид Google компанийг хүмүүсийн хувийн мэдээлэлд халдсан шалтгаанаар 50 сая еврогоор торгож байжээ.

GDPR зохицуулалтын дагуу H&M компани торгууль төлөхөөс гадна 2018 оны тавдугаар сараас хойш тус компанид ядаж нэг сарын хугацаанд ажилласан бүх хүнд нөхөн төлбөр олгох ёстой гэнэ.

 

Эх сурвалж: BBC