Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Элэгний С вирусийг нээсэн түүх

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Нобелийн шагналын хороо АНУ, Их Британийн гурван эрдэмтэнд элэгний C вирусийг нээснийх нь төлөө анагаах ухааны салбарын шагналаа олгохоор болсныг зарласан билээ.

АНУ-ын эрдэмтэд болох Харви Алтер, Чарльз Райс болон Британийн эрдэмтэн Майкл Хоутон нар энэхүү нэр хүндтэй шагналыг хувааж хүртэхээр болсон юм.

Тэдний олон жилийн өмнө хийсэн нээлт сая сая хүний амийг аварсан гэж Нобелийн шагналын хороо дүгнэжээ.

1960-аад оны үед цусаа сэлбүүлсэн өвчтөнүүдийн элэг ямар нэг нууцлаг вирусийн халдвар авч, өвчлөх явдал түгээмэл байсан юм.

Тухайн үед донорын цусаар цусаа сэлбүүлэх нь аз сорьсон хэрэг байжээ.

1960-аад оны дунд үед шинжлэх ухаанд элэгний А болон В вирусийг нээгээд байсан ч цусаар дамжин өвчин халдварлах явдал арилахгүй байв.

1972 онд АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн профессор Харви Алтер цусаа сэлбүүлсэн өвчтөнүүдийг судлах явцдаа өөр нэг нууцлаг вирус халдварлаж байгааг анх тогтоожээ.

Тэрбээр өвчтэй хүний цусыг шимпанзед сэлбэсний дараа өвчилж байгааг анх туршиж тогтоосон байна.

Тухайн үед энэ нууцлаг вирусийг “non-A, non-B” (A, B-гийн аль нь ч биш) гэж нэрлээд цааш судалж эхэлжээ.

Үүнээс олон жилийн дараа 1989 онд Chiron эмийн компанид ажиллаж байхдаа Британийн профессор Майкл Хоутон анх удаа энэхүү нууцлаг вирусийн генийн дарааллыг тогтоож, C вирус хэмээх нэрийг өгсөн байна.

Дараа нь 1997 онд АНУ-ын Вашингтоны их сургуулийн профессор Чарльз Райс шинэ вирусийн судалгаанд сүүлчийн цэгийг тавьж, генийн өөрчлөлттэй C вирусийг шимпанзе мичний элгэнд суулгаад хэрхэн өвчлүүлдгийг нь харуулжээ.

Эдгээр эрдэмтдийн судалгааны үр дүнд өнөөдөр C вирусийг илрүүлэх боломжтой болж, эмчлэх эм бий болсон байна.

Өнөөдөр дэлхий даяар элэгний C вирустэй 70 сая хүн амьдарч, жил бүр 400,000 орчим нь нас барж байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тоо баримт харуулж байгаа.

Цаашдаа хүн төрөлхтөн C вирусээс бүрмөсөн салах боломжтой гэж үздэг.

Нобелийн шагнал авах болсноо мэдсэн 71 настай профессор Майкл Хоутон өчигдөр BBC сувагт ярихдаа “Тэр үед бидэнд сайн багаж хэрэгсэл дутмаг байсан тул судалгаа явуулах нь өвсөн дундаас зүү эрэхтэй адил байлаа. Элэг болон цусан дахь вирусийн хэмжээ маш бага, багаж хэрэгслийн нарийвчлал маш муу байв. Долоон жилийн хугацаанд 30-40 аргыг туршиж байж үр дүнтэй ганцхан аргыг олсон юм” гэж дурсжээ.

 

Эх сурвалж: BBC