Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Каледони арлынхан Франц улсын бүрэлдэхүүнд үлдэх сонголт хийжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Номхон далайн өмнөд хэсгийн Шинэ Каледони арлуудад Ням гарагт тусгаар тогтнолын санал хураалт зохион байгуулсан юм.

Нийт сонгогчдын 53.26 хувь нь тусгаар тогтнолын эсрэг санал өгснөөр эдгээр арлууд Франц улсын бүрэлдэхүүнд хэвээр үлдэхээр болжээ. 2018 онд болсон анхны санал хураалтаар 56.7 хувь нь тусгаар тогтнолыг дэмжээгүй юм.

Шинэ Каледонийн арлуудыг Франц улс 1853 оноос колоничолж эхэлсэн байдаг.

1980-аад оны дундуур нутгийн уугуул хүн ам тусгаар тогтнолын төлөө тэмцэл явуулж, цуст мөргөлдөөн гарч байжээ. Ингээд 1998 онд сөргөлдөгч талууд Францын колоничлолоос алгуур чөлөөлөгдөх төлөвлөгөөг баталж байсан ба уг төлөвлөгөөнд тусгаар тогтнолын асуудлаар санал хураалт явуулах ажил багтсан юм.

2022 онд гурав дахь санал хураалтыг зохион байгуулна.

Шинэ Каледонийн арлууд нь Австралийн зүүн эргээс 18,000 орчим километр зайд байрладаг. 269,000 орчим байнгын оршин суугчтайгаас 40 орчим хувь нь нутгийн уугуул канак хүмүүс.

Бусад нь колоничлолын үед ирж суурьшсан цагаан арьстнууд болон зүүн өмнөд Азийн ажилчдын үр удам, мөн сүүлд Номхон далайн бусад арлуудаас шилжиж ирсэн хүмүүс юм.

Шинэ Каледонийн эдийн засаг нь өөрийгөө тэтгэх чадваргүй тул жил бүр Франц улсаас 1.3 тэрбум еврогийн татаас авдаг байна. Тус арлуудад дэлхийн никелийн нөөцийн 25 орчим хувь байдаг ба аялал жуулчлал бас нэг орлогын эх үүсвэр нь болдог ажээ.

Арлынхан зөвхөн батлан хамгаалах, боловсролын асуудлаар Францаас хамааралтай, бусад бүх асуудлыг бие дааж шийдэх автономит эрхтэй юм. Хамгийн сүүлд 1977 онд Жибути, 1980 онд Вануату улсууд Франц улсын колоничлолоос гарч, тусгаар тогтнож байжээ.

 

Эх сурвалж: AFP