Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Цэрэнбадрал: Мэргэшлийн зөвлөл мэргэжилтнүүдийн бүртгэл, сургалтыг цахимжуулахаар ажиллаж байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, Хорооны дэргэдэх Мэргэшлийн зөвлөлийн дарга Т.Цэрэнбадралтай үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалтын чанар, стандарт, сургалтын агуулга болон цаашид энэ хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлынх нь талаар ярилцлаа.

- Хөрөнгийн зах зээл дэх мэргэжлийн үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдэд эрх олгох сургалтыг хэзээнээс явуулж эхэлсэн вэ? Одоогийн байдлаар хэчнээн мэргэжилтэн бэлтгээд байгаа талаар ярилцлагаа эхлэх үү?

- Санхүүгийн зах зээл цэвэр итгэлцэл дээр суурилдаг. Тодруулж хэлбэл, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, зуучлалын үйлчилгээний чанарыг сайжруулахад хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдийн мэдлэг боловсрол, мэргэжлийн ёс зүй маш чухал. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийг шударга, ил тод, нээлттэй болгох, цаашдын тогтвортой хөгжлийг хангахад салбарын мэргэжилтнүүдийн ёс зүйн стандарт, үйлчилгээний хэм хэмжээг тогтоож, мэргэшүүлэх шаардлага үүсдэг. Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хороо Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо /МҮЦАЭХ/-той хамтран үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалтыг 2011 оноос эхлэн зохион байгуулж ирлээ.

Өнгөрсөн хугацаанд Мэргэшлийн зөвлөл нийт 28 удаагийн эрх олгох, аттестатчилах шалгалтыг зохион явуулж, 2,044 мэргэжилтэнд хөрөнгийн зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгосон. Өнөөдрийн байдлаар үнэт цаасны зуучлалын чиглэлээр 167, хөрөнгө оруулалтын чиглэлээр 492, нийт 659 мэргэжилтэн үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрхтэй байна.

- Дараагийн сургалт хэзээ болох вэ? Мөн эрх авсан мэргэжилтнүүд хаана, ямар ажил эрхлэх боломжтой байдаг вэ?

-Эрх олгох сургалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар Мэргэшлийн зөвлөлөөс хөтөлбөрийг нь баталсан. Энэ оны хувьд эрх олгох сургалтыг 6 болон 10 дугаар сард цахим хэлбэрээр зохион байгуулахаар зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн. Түүний дагуу хоёр дахь ээлжийн сургалт 10 дугаар сарын 12-23-ны өдрүүдэд болох бөгөөд сургалтын бүртгэл одоо явагдаж байна. Иймээс сонирхсон иргэд МҮЦАЭХ-ны цахим хуудас /https://masd.mn/archives/6691/-аар бүртгүүлэх боломжтой гэдгийг хэлье.

Хөрөнгийн зах зээлд эрхлэх үйл ажиллагааны чиглэлээс хамаарч үнэт цаасны зуучлал, хөрөнгө оруулалт, үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ явуулах эрхийг аттестатчилах гэсэн гурван хэлбэрээр зохион байгуулж, хөрөнгийн зах зээлд ажил, үйлчилгээ явуулах эрхийг гурван жилийн хугацаагаар олгодог. Үнэт цаасны зуучлалын чиглэлээр эрх авсан мэргэжилтэн үнэт цаасны компаниудад брокер, диллерээр ажиллах боломжтой бол хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авсан мэргэжилтэн зохицуулалттай этгээдэд гүйцэтгэх, дотоод хяналтын ажилтан мөн хөрөнгө оруулалтын зөвлөх, санхүүгийн шинжээч, андеррайтер, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компаниудад ажиллах бүрэн боломжтой. Нөгөө талаар олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээл маш хурдацтай хөгжиж байна.

Хөгжлийн шинэ шинэ хандлагууд, хөрөнгө оруулагчдын хүлээлт, шаардлага өөрчлөгдөж буйтай холбогдуулан зохицуулалтын орчин ч дагаад өөрчлөгддөг. Үүнтэй холбогдуулан мэргэжилтэн нь үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрхийн хүчинтэй байх хугацаанд аттестатчилах багц цагийн сургалтад хамрагддаг.

-Мэргэшлийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар танилцуулна уу? 

- Сургалтын хөтөлбөрийн агуулгыг батлах, мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах, мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрхтэй холбоотой харилцааг зохицуулах чиг үүрэг бүхий Мэргэшлийн зөвлөл Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд ажилладаг. Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, МҮЦАЭХ, салбарын судлаач багш нарын төлөөлөл гэсэн нийт есөн гишүүнтэй. Эдгээр гишүүдийг холбогдох төрийн захиргааны байгууллага, өөрийгөө зохицуулах болон мэргэжлийн байгууллагаас санал болгосон, санхүү, эдийн засаг, хууль зүйн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай зэрэг шалгуурыг үндэслэн сонгон ажиллуулах хуулийн зохицуулалттай.

Миний хувьд 2016 оноос эхлэн зөвлөлийн гишүүн, энэ оны хоёрдугаар сараас зөвлөлийн даргаар ажиллаж байна. Мэргэшлийн зөвлөл нь аттестатчилах сургалтыг нөхөх, дүйцүүлэн тооцож болохуйц бусад сургалтыг тогтоох эрхтэй бөгөөд мэргэжилтэн аттестатчилах шалгалт өгч тэнцсэн тохиолдолд  дөрвөн жилээр, хоёр дахь удаад зургаан жилээр сунгах, гурав дахь удаад үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрхийг хугацаагүй олгодог. 

- Сургалтын хөтөлбөрийг сайжруулах, суралцагчдыг чадавхижуулах хүрээнд Мэргэшлийн зөвлөл болон МҮЦАЭХ-оос хэрхэн ажиллаж байгааг салбарынхан сонирхож буй нь лавтай. Үүнд та хариулт өгнө үү?

- Мэргэшлийн зөвлөл эрх олгох сургалтуудыг МҮЦАЭХ-той хамтран зохион байгуулахын зэрэгцээ сургалтын чанарыг сайжруулах, шалгалтын тестийн сан бүрдүүлэх, гарын авлага сурах бичигтэй болох зэрэг хэд, хэдэн чиглэлд анхаарч ажиллаж ирсэн. Тухайлбал, сургалтын хөтөлбөрийг агуулга, чиглэлээс нь хамаарч үнэт цаасны зуучлал, хөрөнгө оруулалт, аттестатчилал гэсэн гурван төрлөөр боловсруулсан. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-аас хэрэгжүүлсэн “Хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд 2017 онд “Хөрөнгийн зах зээлийн сурах бичиг”-ийг анх удаа гаргалаа.

Түүнчлэн эрх олгох сургалтын хөтөлбөрт төслийн багийн зөвлөхүүдээр үнэлгээ хийлгэснээр холбогдох өөрчлөлтүүдийг хийж, сайжруулж чадсан. Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээчийн сургалтын хөтөлбөрт ордог олон улсад мөрдөгдөж буй мэргэжлийн ёс зүйн стандартуудын талаарх хичээлийг сургалтын хөтөлбөртөө мөн нэмж орууллаа. Мөн шинээр эрх авч буй мэргэжилтнүүдийн тангараг өргүүлэх, ёс зүйн дүрмийг танилцуулах зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулах, сургагч багш нараа чиглүүлэх сургалтанд хамруулах гээд нэлээд ажлыг амжуулаад байна.  

Цаашид ч хийж, хэрэгжүүлэх олон ажил биднийг хүлээж байна. Эхний ээлжинд сургалтын хөтөлбөрөө боловсронгуй болгох, мэргэжилтнүүдийн бүртгэл, сургалтыг цахимжуулах чиглэлд анхаарна. Тухайлбал, хөрөнгийн зах зээлд ажил үйлчилгээ эрхлэх эрх авсан мэргэжилтнүүдийн бүртгэлийг цахим хэлбэрт олон нийтэд нээлттэйгээр байршуулахаар МҮЦАЭХ-той хамтран ажиллаж байна. Дэлхийн хэмжээнд “COVID-19” цар тахал дэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн хаврын сургалтыг бид анх удаа цахим хэлбэрээр амжилттай зохион явууллаа. Ер нь цахим хэлбэрээр сургалт явуулах нь сургалтын давтамж, мэргэжилтнүүдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх давуу талтай байна гэдэг саналыг мэргэжлийн байгууллагуудаас хэлж байгаа. Иймээс цаашид цахим сургалт явуулах, иргэдийг сургалтад хамрагдах боломж, бололцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.