Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Тамирчин хүн идэж, уусан бүх зүйлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээнэ. Хольсон, хүн хийсэн гэх асуудлыг авч хэлэлцэхгүй"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдийн сэргээшийн шинжилгээний хариуг өнөөдөр зарлалаа

Шинжилгээгээр Улсын аварга Н.Батсууриас нэг, Улсын харцага Б.Бат-Орших, Улсын арслан Р.Пүрэвдагваас тус бүр гурван төрлийн хориотой бодис илэрсэн аж.

Уг мэдээллийг танилцуулсны дараагаар сэтгүүлчид "Улсын аварга Н.Батсуурь идэж, уух зүйлэнд бодис хольсон гэж хардаж буйгаа зарласан. Энэ тохиолдлыг яаж шалган тогтоох вэ" хэмээн асуув. 

Асуултад Монголын үндэсний допингийн эсрэг хорооны ахлах мэргэжилтэн Д.Энхсанаа "Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан Допингийн эсрэг хууль гэж бий. Энэ хуулийн 21.3-т тамирчин хүн идэж уусан болон хэрэглэсэн бүх зүйлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж заасан байдаг. Иймд хольсон, хүн хийсэн гэх асуудлыг авч хэлэлцэхгүй. 

Мөн уг хуулийн 2.1-д хориотой бодис болон хориотой бодисын маркер, бодисын солилцооны бүтээгдэхүүн илэрвэл допингийн зөрчил гэж үзнэ. Түүнчлэн уг зөрчлийг санаатайгаар эсвэл санамсаргүйгээр гаргасан эсэхийг заавал тодруулах шаардлагагүй гэсэн байдаг" хэмээн хариуллаа.

Тус байгууллагаас тамирчдад сургалт, сурталчилгааг тогтмол хийхийн зэрэгцээ Дэлхийн допингийн эсрэг агентлагаас жил бүр гаргадаг хориотой жагсаалтыг орчуулан тараадаг гэдгийг Монголын үндэсний допингийн эсрэг хорооны ахлах мэргэжилтэн Д.Энхсанаа онцоллоо. Түүнчлэн тэрбээр "Бөхчүүд допингийн талаар сайн ойлголттой. Сургалт зохион байгуулахад бөхчүүд биеэрээ ирж хамрагдахдаа хойрго байдаг. Тиймээс бөхийн холбоотой хамтран сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулж, мэдээлэл түгээдэг" гэв. 

Видео:
https://www.facebook.com/iKonNews/videos/333918444351099/