Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Уулын Карабахын зэвсэгт мөргөлдөөн том хотуудыг хамарч эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Уулын Карабахт өрнөж буй Армени, Азербайжаны зэвсэгт мөргөлдөөн өчигдөр бүсээсээ хальж, том хотуудыг хамарч эхэлсэн тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Азербайжаны ерөнхийлөгчийн туслах Хикмет Хажиевын өчигдөр мэдээлснээр Арменийн тал Азербайжаны хоёр дахь том хот Ганжад пуужингийн цохилт өгсөн байна.

Тус хот нь Уулын Карабахын төв Степанакерт хотоос 100 орчим километрийн зайд, мөргөлдөөний бүсийн гадна оршдог юм.

Ганжа хотын хүн ам шигүү суудаг дүүрэгт Арменийн пуужингийн цохилт туссаныг Хажиев твиттер хуудсандаа мэдээлж, нурсан барилгын видео дүрсийг үзүүлжээ. 

Тэрбээр Ганжа хот болон бусад бүс нутагт хийсэн агаарын цохилтыг Арменийн нутаг дэвсгэрээс үйлдсэн гэж мэдэгдсэн байна.

Харин Арменийн батлан хамгаалах яам өөрийнх нь нутаг дэвсгэрээс Азербайжаны чиглэлд ганц ч удаа гал нээгээгүйг мэдэгджээ.

Уулын Карабахын удирдагч Арайк Харутюнян энэ цохилтын хариуцлагыг өөртөө хүлээж, Ганжа дахь цэргийн байгууламжуудыг устгах тушаал өгснөө мэдэгдсэн байна. Дараа нь тэр энгийн иргэдийн амь насыг хамгаалах үүднээс уг ажиллагаагаа зогсоосон гэж Фэйсбүүк хуудсандаа мэдээлжээ.

Азербайжаны тал Ганжа дахь цэргийн байгууламжууд цохилтод өртөөгүй, харин иргэний зориулалттай байгууламжууд өртсөний улмаас нэг энгийн иргэн алагдаж, 32 хүн шархдсан гэж мэдээлсэн байна.

“Арменийн нутаг дэвсгэрээс Азербайжан руу гал нээсэн явдал нь цэвэр өдөөн хатгалга бөгөөд мөргөлдөөний хамрах хүрээг тэлж байна” гэж Азербайжаны батлан хамгаалахын сайд Закир Хасанов өчигдөр сэтгүүлчдэд мэдэгджээ.

Ням гарагийн байдлаар Уулын Карабахын талаас 200 орчим цэрэг алагдсан байна. Үүнээс гадна энгийн иргэдээс 18 хүн алагдаж, 90 гаруй хүн шархджээ.

Азербайжаны тал армийнхаа хохирлыг огт мэдээлэхгүй байгаа бөгөөд энгийн иргэдээс 24 хүн алагдаж, 111 хүн шархдсан тухай зарлаад байна.

Зөвлөлтийн үед Уулын Карабах нь Азербайжаны нутаг дэвсгэр дотор өөртөө засах эрхтэй муж байсан юм. 1991 онд Зөвлөлт Холбоот Улсыг задрахаас гурван сарын өмнө Уулын Карабахын армени үндэстнүүд тусгаар тогтнолоо зарлаж байжээ.

1992 онд дэгдсэн дайны улмаас 30,000 хүн амь үрэгдэж байв. 1994 онд тогтоосон гал зогсоох гэрээний дараа Уулын Карабах армени үндэстнүүдийн хяналтад үлдсэн юм.

Талуудын мөргөлдөөнийг зохицуулахаар Орос, Франц, АНУ-ын засгийн газрууд идэвхтэй ажиллаж байна.

Азербайжаны тал Уулын Карабахыг өөртөө буцаан нэгтгэж, Арменийн зэвсэгт бүлэглэлийг гаргахаас нааш мөргөлдөөнийг зогсоохгүй гэдгээ дахин дахин мэдэгдэж байгаа.

Харин Арменийн ерөнхий сайд Никол Пашинян “Өвөр Кавказын хэрэг явдалд Турк улс оролцохоо больсон цагт гал зогсоох хэлэлцээр байгуулах боломжтой” гэж мэдэгджээ.

Турк улс Азербайжаныг дэмжиж байгаагаа ил зарладаг ч Өвөр Кавказад тулалдуулахаар Сирийн хөлсний дайчдыг илгээсэн гэх мэдээллийг эрс няцааж байна.

 

Эх сурвалж: AFP