Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Б.Бат-Орших, Р.Пүрэвдагва нараас хориглосон жагсаалтад багтсан гурав, Н.Батсууриас нэг төрлийн бодис илэрсэн"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсий Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг мэдээлж байна.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/333918444351099/

Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж "Есдүгээр сарын 8-нд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 77 дугаартай албан бичиг ирсэн. Үүнд гурван бөхийн асуудлаар шинжилгээний хариуг ирүүлсэн. Тэдний нэрийг зарлая.

  1. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн, Улсын харцага Б.Бат-Оршихоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан "Хориглосон жагсаалт 2020"-д орсон S1.1 бүлгийн Тренболон, S4 бүлгийн Мелдониум, S5 бүлгийн Ацетазоламид гэх гурван төрлийн бодис илэрсэн. 
  2. Найм давж үзүүрлэсэн, Улсын аварга Н.Батсууриас дээрх хориглосон жагсаалтад багтсан S4 бүлгийн Триметазидин хэмээх нэг төрлийн,
  3. Хүчит бөхийн барилдаанд зургаа давж шөвгөрсөн, Улсын арслан Р.Пүрэвдагваас хориглосон жагсаалтад багтсан S1.1 бүлгийн Норандростерон, S1.1 бүлгийн Дростанолон, S4 бүлгийн Тамоксифен гэх гурван төрлийн бодис илэрсэн" гэлээ.

Журамд заасны дагуу шинжилгээний хариу ирсний дараагаар дээрх гурван бөхөд танилцуулсан бөгөөд тэд бүгд А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс өнөөдөр албан ёсоор олон нийтэд мэдээлж байгаа аж. 

"Гурван бөх өөрсдөө хүлээн зөвшөөрсөн тохиолдолд олон нийтэд мэдээлдэг журамтай. Бөхчүүд хүлээн зөвшөөрсний дараагаар 15 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний бөхийн салбар хороо хуралдана.

Ингэхдээ шинээр олгосон цол чимгийг хураах эсэх, хоёр жил хүртэлх хугацаагаар барилдах эрхийг хасах эсэх, сэргээш илэрсэн бөхчүүдэд унасан бөхийн унааг даваагаар тооцох эсэх асуудлыг хэлэлцэн, саналыг гаргах юм. 

Саналаа Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо уламжилж, тус хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ" хэмээн Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж хэллээ.