Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн: Төв банкны ерөнхийлөгчийн ажлын үр дүнг инфляцын түвшин илэрхийлдэг

Б.Ану
2020 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-аар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд буй. 

Тогтоолын төслийг хэлэлцэх, эсэхийг өнгөрсөн Баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. 2021 онд инфляцын зорилтыг 6% байхаар Монголбанк мөнгөний бодлогодоо тусгаад байна.

2020 оны наймдугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 2.1%, Улаанбаатарт 1.7% байна. Монголбанкны энэ оны зорилтот инфляцын түвшин 8% байгаа юм. 

Тэгвэл нэгэнт 2.1%-д хүрч буурсан инфляцыг 6% болгон нэмэгдүүлж зорьж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлахдаа "2021 онд эдийн засаг одоогийнхоос өснө гэсэн хүлээлт байгаа. Монголбанкны хувьд 2021 онд Монгол Улсын эдийн засаг 6-8 хувийн өсөлт үзүүлнэ гэж таамаглаж байгаа бол олон улсын байгууллагууд 5 орчим хувь байхаар төсөөлж буй. Өөрөөр хэлбэл эдийн засаг одоогийнхоос өсөх хүлээлт байгаа учир мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж инфляц дээд тал нь 6% байхаар зорьж байгаа. Өмнө нь бид инфляцыг нэг оронтой тоонд оруулахыг л зорьдог байсан, сүүлийн жилүүдэд 8%, одоо 6% байхаар зорьж байгаа нь сайн зүйл юм" гэлээ. 

Монголбанкны үндсэн хоёр зорилтын эхнийх нь Төв банкны тухай хуулийн 4.1-д зааснаар "Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино" гэж заасан байдаг. 

Төгрөгийн тогтвортой байдал гэдэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг хадгалах буюу инфляцын нам, тогтвортой байдлыг илэрхийлдэг.  Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төв банкны Ерөнхийлөгчийн ажлын үр дүн, хараат бус байдлын илэрхийлэл нь инфляцын түвшин" гэж байв. 

График 1, Инфляцын түвшин Монголбанкны үе үеийн Ерөнхийлөгч нарын үед ямар байсан бэ?

Монголбанкны хоёр дахь гол зорилтыг Төв банкны тухай хуулийн 4.2-т "Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ" гэж заасан байдаг. Үүний хүрээнд төв банк банк санхүүгийн салбарыг хянахын зэрэгцээ тэдгээрт дэмжлэг үзүүлж улмаар иргэд, бизнес эрхлэгчдийн орлогыг хамгаалах, нэмэгдүүлэх зорилготой ажилладаг. Тэгвэл иргэд, бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, экспортыг "солонгоруулахын" тулд төв банк жижиг, дунд бизнесийг дэммжихээр 340 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл бүхий хөтөлбөрийг эхлүүлэх гэж байгаагаа мэдэгдээд байна. 

Эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх үүргийн хүрээнд төв банк мөнгөний нийлүүлэлт өөр бусад төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэх цар хүрээ нь төсвийн тэлэлтээс хамаарч байдаг. Мөнгөний бодлогыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын олон гишүүн төсвийн зардлын хэт тэлсэн байдал мөнгөний бодлогын орон зайг хумьсаар байгааг хүлээн зөвшөөрч байв. Төсвийн зардал нэмэгдэж цаашлаад алдагдал нэмэгдэх нь улсын өрийг улам бүр нэмэгдүүлж байдаг бол мөнгөний бодлогын хүрээнд эдийн засагт нийлүүлэгдэж байгаа мөнгө нь арилжааны банкуудаар дамжиж иргэд, бизнес эрхлэгчдэд зээл хэлбэрээр гарч эргэн төлөгдөж, арилжааны банкууд өөрсдөө эрсдлээ дааж байдгаараа онцлогтой. 

Төв банкны эдийн засагт үзүүлж буй дэмжлэг, мөнгөний нийлүүлэлт нь байгаа оносон эсэхийг харуулж байдаг зүйл нь инфляцын түвшин юм. Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлтийг нэмсэн ч инфляц нам, тогтвортой байх нь төв банкны бодлого зөв хэрэгжиж байгааг илэрхийлдэг билээ.