Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Covid-19 халдварт өвчин Трампын эрүүл мэндэд хэр их эрсдэл учруулах вэ?

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авсан нь батлагдсан билээ.

Гэхдээ Трамп энэхүү аюултай өвчнийг тэсээд гарах өндөр магадлалтай гэж ажиглагчид дүгнэж байна.

Тухайлбал тэр дэлхийн тэргүүлэх гүрний удирдагч тул хамгийн шилдэг эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээг авч чадна. Мөн АНУ-д коронавирусийн халдвар цагаан арьстнуудад хөнгөн тусаж, бусад өнгийн арьстнуудын эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулж байгааг статистик тоо баримт харуулж байгаа.

Наймдугаар сарын 18-нд Америкийн Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх төвөөс гаргасан тайланд өгүүлснээр тус улсын өнгөт арьстай иргэд коронавирусийн халдвар авах, хүндэрч эмнэлэгт хэвтэх, улмаар нас барах магадлал өндөр байгаа гэнэ.

Тухайлбал цагаан арьст америкчуудтай харьцуулахад хар арьстнууд Covid-19 өвчнөөр нас барах магадлал хоёр дахин өндөр, хүндэрч эмнэлэгт хэвтэх магадлал тав дахин өндөр байжээ.

Трампын насны ангиллыг авч үзвэл 65-74 насны хар арьст америкчуудын нас барах магадлал тав дахин өндөр, латин гаралтай америкчуудын нас барах магадлал дөрөв дахин өндөр байна.

Үүнээс гадна нийгмийн өндөр статус, хөрөнгө мөнгөтэй хүмүүс эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авдаг тул Covid-19 өвчнөөр нас барах магадлал бага болохыг судалгаанууд харуулжээ.

Тиймээс цагаан арьстай, тэрбумтан, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авсан ч амь насанд нь эрсдэл учрах магадлал бусад америкчуудтай харьцуулахад маш бага гэж дүгнэж байна.

Гэхдээ 74 настай Трампын хувьд бас сул талууд бий. Тухайлбал өндөр нас, эр хүйс, жингийн илүүдэл зэрэг нь түүний сул талууд болохыг тоо баримтууд харуулж байна.

Тухайлбал Америкт 65-74 насны хүмүүсийн 10.4 хувь нь коронавирусийн халдвар авсныхаа дараа нас барж байгаа гэсэн баримт бий. Харьцуулбал 18-29 насныхны хувьд энэ хувь 0.1 байгаа юм.

1.9 метр өндөртэй Трампын биеийн жин 110 гаруй килограмм. BMI (Body-Mass Index) үзүүлэлт нь 30.4 гэсэн үг. Америкийн стандартаар BMI нь 30-аас дээш хүнийг жингийн илүүдэлтэй гэдэг.

Статистикаас харвал илүүдэл жинтэй хүмүүс Covid-19 өвчин туссаны дараа хүндэрч, эмнэлэгт хүргэгдэх тохиолдол хэвийн жинтэй хүмүүсийнхээс гурав дахин өндөр байгаа гэнэ.

Бас нэг хүчин зүйл нь хүйс юм. Хамгийн сүүлийн тоо баримтаас харвал АНУ-д коронавирусийн халдвараар нас барсан нийт хүмүүсийн 54 хувь нь эрчүүд байгаа ажээ.

Энэ үзүүлэлт 65-74 насныхны хувьд 61.2 хувьтай байна.

 

Эх сурвалж: Business Insider