Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

"1800-2800 утсаар сонгуульд хэрхэн оролцох талаар болон санал авах байрны байршлыг лавлаж болно"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон залуусыг сонгуульд идэвхтэй оролцуулах чиглэлээр маш олон санал санаачилга гарсныг СЕХ-ноос дэмжиж хамтран ажилладаг.

Энэ ажил 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар үргэлжлэх талаар СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

Өнөөдөр СЕХ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод болон "Мину хота", "Өглөө" кампанит ажлын зохион байгуулагчид орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар мэдээлсэн юм.

"Залууст үе тэнгийнхнээр нь дамжуулж сонгогчийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжиж байна"

“Сонгогчдын боловсрол төв” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Оюунтуяа энэ удаагийн орон нутгийн сонгуульд зориулж хийж буй гурван чухал ажлыг онцлов.

С.Оюунтуяа "Бид хамгийн түрүүнд залуу сонгогчдын илч нарыг бэлтгэлээ. Одоогоор залууст үе тэнгийнхнээр нь дамжуулж сонгогчийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжиж байна.

Мөн бид "Сонгох өдөр" фэйсбүүк хуудсаараа дамжуулан сонгогчдод зориулсан видеог бэлтгэж, түгээж байгаа бөгөөд түүндээ цар тахлын үед сонгогчид санал авах байранд өөрийгөө хэрхэн халдвараас сэргийлэх талаарх мэдээллийг багтаасан.

Түүнээс гадна иргэд Сонгогчийн лавлах хуудас болох 1800-2800 утсанд хандаж, орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох болон санал авах байрны байршилтай холбоотой бүх мэдээллийг авах боломжтой” гэв.

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 60% нь улс төр өөрөөс нь хол гэсэн ойлголттой байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

"Түгээмэл хөгжлийн төв" ТББ-ын тэргүүн Ч.Ундрахбаяр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах боломж үргэлж байдаг гэдгийг олон улсын туршлага харуулдаг. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангахад чиглэсэн хамгийн эхний алхам бол яах аргагүй сонгуулийн идэвхийг нь нэмэгдүүлэх явдал.

Өмнөх сонгуульд бид Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд оролцоход тулгамддаг асуудал гэсэн сэдвээр түүвэр судалгаа хийсэн.

Судалгаагаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 60 хувь нь улс төр өөрөөс нь хол гэсэн ойлголттой байна. Мөн 30 хувь нь орчны хүртээмжгүй байдалд нь сонгуульд оролцох боломжгүй байдлыг бий болгодог гэж хариулсан байна.

Тиймээс бид яавал хүртээмжийг бий болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дүрэм журам, хууль эрх зүйг энгийн хялбар байдлаар ойлгуулах асуудалд голлосон ажил зохион байгуулж байна" гэлээ.

"Сүүлийн үед хараагүй иргэдийн санал өгөх байдал нь нэмэгдэж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл “Харааны бэрхшээлтэй иргэд сонгуульд оролцоход хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч бүрэн дүүрэн оролцож чадахгүй байх тохиолдол гардаг.

Тиймээс бид СЕХ-той хамтарч 2016 оноос эхлэн хараагүй иргэдээ бүрэн дүүрэн оролцоход зориулж брайл тэмдэглэгээ бүхий саналын хуудсыг хийж хараагүй иргэдийг идэвхтэй санал өгөх бололцоогоор хангаж байгаа.

Харааны бэрхшээлтэй иргэд брайл үсгээр мэдээлэл авдаг. Тиймээс бид брайл бичигтэй гарын авлагыг гаргаж, сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, дүрэм журам хууль эрх зүйн талаарх мэдээллийг сурталчах ажил хийж байна.

Ингэснээр сүүлийн үед хараагүй иргэдийн санал өгөх оролцоо нэмэгдэж байгаа" хэмээн хэллээ.

"2020 оны УИХ-ын сонгуулийн 18-25 настай залуусын ирц 2016 оныхоос 12%-аар нэмэгдсэн"

 
Гэрэл зургийг Mpa.mn

"Өглөө" төслийн зохицуулагч М.Маралмаа “Зориг сангаас "Өглөө" нэртэй залуу сонгогчдод зориулсан төслийг 2020 оны УИХ-ын сонгуулиас өмнө эхлүүлсэн. Энэ төсөл одоо ч орон нутгийн сонгуулийн үеэр үргэлжилж байна.

Төслийн хүрээнд бид 18-30 насны залуусын сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх, идэвх оролцоог нь сайжруулахын зэрэгцээ сонгогчийн боловсролыг дээшлүүлэх зорилготой.

Залуус "Өглөө" төслийн цахим хуудсаар сонгуультай болон улс төртэй холбоотой энгийн хүртээмжтэй мэдээллийг авч болно.

2020 оны УИХ-ын сонгуулийн ирцийг 2016 оныхтой харьцуулахад 18-25 настай залуусын ирц 12 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан.

Залуусын сонгуульд оролцох идэвхийг нэмэгдүүлэхэд дэмжиж, хамтран ажиллаж байгаа СЕХ болон төрийн бус болон олон улсын байгууллагуудад талархал илэрхийлье” гэв.

"Залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжиж байна"

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Хөтөлбөрийн ахлах менежер Б.Бөрт-Үжин “Манай байгууллага Монгол Улсад 1992 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Бид одоогоор залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх хөтөлбөрийг Азийн сан болон дотоодын бусад төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд эмэгтэйчүүд, залуучууд болон өөр бусад нийгмийн төлөөлөл болсон иргэдийн сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд маш олон санал, санаачилга гарган ажиллаж байна” гэсэн юм.

"Залуус сонгуультай холбоотой мэдээллийг "Мину хота" кампанит ажлаар дамжуулан авах боломжтой"

Үргэлжлүүлэн Азийн сангийн төлөөлөл н.Дэлгэрмаа Төрийн бус болон олон улсын байгууллага хамтран 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэс эхлэн нэлээд ажлыг зохион байгуулж байгаагаа хэллээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар бид дотоодын байгууллагуудтай хамтран "Өглөө" хөтөлбөр болон "Надад нэг санал байна" гэсэн кампанит ажлыг өрнүүлж байна.

Мөн шинээр орон нутгийн сонгуульд илүү хамааралтай гэдэг утгаараа "Мину хота" нэртэй кампанит ажлыг өрнүүлж эхлээд байна.

Бид энэхүү ажлуудаараа дамжуулан сонгогчийн боловсролтой холбоотой мэдээллийг залууст хүргэж буй. Тиймээс залуучууд өөрийн сонирхсон мэдээллийг кампанит ажлын цахим хуудсуудаар дамжуулан хүлээн авах боломжтой” гэв.

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу сонгуультай холбоотой бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв