Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчдийн 90 гаруй хувь нь 15 хүртэлх насныхан байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж, амбулаторийн нийт үзлэгийн 4.2 хувийг эзэлж байгааг ХӨСҮТ-ийн томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа хэллээ.

Мөн тэрбээр "Нийт өвчлөгчдийн 90 гаруй хувь нь 15 хүртэлх насныхан байгаа. Энэ дотроо 70 хувийг нь 4 хүртэлх насны хүүхэд байна.

Томуу, томуу төст өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 5.5 хувийг эзэлж байгаа бөгөөд цаашид өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Вирус судлалын лабораторид хийгдсэн шинжилгээнүүдээс харахад голчлон ренновирус илэрч байгаа.

Томуугийн вирусийн шалтгаант өвчлөлийн оргил үед арванхоёрдугаар сарын сүүл, нэг, хоёрдугаар саруудад ажиглагддаг учраас улирал угтуулан урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулдаг. Өчигдрөөс дархлаажуулалтын 10 хоног эхэлсэн. Эрсдэлт бүлгийнхнийг дархлаажуулахдаа нэгдүгээрт жирэмсэн эхчүүдийг хамруулахыг ДЭМБ-аас зөвлөдөг.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд амны хаалт тогтмол хэрэглэх, гарын ариун цэврийг сахих, дулаан хувцаслах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, дотоод орчинд агаарын сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, өвчний шинж тэмдэг илэрсэн бол ажил, хичээлдээ явахгүй байхыг зөвлөж байна" гэв.

Улирлын томуугийн вакцины талаар дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1109 дугаарт холбогдон авах боломжтой юм байна.