Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сергей Диордица: Томуугийн вакцинууд аюулгүй бөгөөд үйлчилгээ нь маш үр дүнтэй

Г.Номин, iKon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица оролцож, мэдээлэл өглөө.

Тэрбээр "COVID-19 цар тахал олон улсын анхаарлын төвд байгаа нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал болоод буй. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний маш чухал бүрэлдэхүүн хэсэг болох дархлаажуулалтын үйл ажиллагааны тогтвортой байдлыг ханган ажиллах шаардлагатай болсон. Мөн ихэнх улс орнууд томуугийн эсрэг вакцины хомсдолтой тулгарч байгаа. Цар тахлын үеийн энэ хүнд нөхцөлд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Монгол Улсын Засгийн газарт улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт хийхэд дэмжлэг үзүүлж байна.

ДЭМБ-аас Бразил улсад үйлдвэрлэсэн томуугийн гурван хэв шинжийг агуулсан 300,000 хүн тун вакцины дэмжлэгийг Монгол Улсад үзүүлж байгаа. Үүнээс гадна томуугийн эсрэг дархлаажуулалтын аянг улс орон даяар зүй зохистойгоор, цаг хугацаанд нь зохион байгуулах ажилд Засгийн газар дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна.

Олон улсад боломжтой байгаа томуугийн вакцинууд аюулгүй бөгөөд үйлчилгээ нь маш үр дүнтэй. Вакцин улирлын томуугийн өвчлөл болон нас баралтаас сэргийлж хамгаалах нөлөөтэй нь шинжлэх ухаан судалгааны үр дүнгээр баталгаажсан.

ДЭМБ халдварт өвчнүүд болон томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд түнш байгууллагууд болон Засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажилласаар байх болно" хэмээн ярилаа. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/613992845936449/