Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

NASA шинэ жорлонгоо туршихаар дэлхийн тойрог зам руу илгээжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын сансар судлалын агентлаг $23 саяар бүтсэн титан хийцтэй жорлонг туршуулахаар өчигдөр дэлхийгээс хөөргөсөн пуужинд дайж, дэлхийн тойрог зам руу илгээжээ.

Уг жорлонг тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станц (ОУСС)-ад хэдэн сарын турш байрлуулж, турших ба амжилттай болвол саран дээр хүн буулгах аялалд ашиглах юм байна.

Одоо ОУСС-д олон жилийн өмнө Оросуудын хийсэн хоёр жорлонг ашигладаг. 45 кг жинтэй, 71 см өндөр шинэ жорлон нь тэдгээрээс бараг хоёр дахин бага хэмжээтэй ажээ.

ОУСС-ын хуучин жорлон нь үндсэндээ эрчүүдэд зориулагдсан тул эмэгтэй хүн хэрэглэхэд тохиромж муутай байдаг. Шинэ жорлонг бүтээхдээ энэ дутагдлыг арилгаж, эмэгтэйчүүдэд илүү тухтай болгожээ.

Өмнөх жорлонгийн нэгэн адил ялгадсыг соруулах технологийг ашигласан байна. Тойрог замд татах хүч байхгүй тул дэлхий дээрх жорлон шиг усаар урсгах боломжгүй байдаг.

Сорж, цуглуулсан ялгадсыг NASA-гийн бүтээсэн дахин боловсруулах машинд оруулж, ундны ус гаргадаг юм байна.

 

Эх сурвалж: Associated Press