Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын засаг захиргаа гадаадаас хүлээж авах цагаачдын тоог түүхэн доод хэмжээнд хүргэлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Аравдугаар сарын 1-нээс эхэлж буй 2021 оны санхүүгийн жилд АНУ-ын гадаадаас хүлээж авах цагаачдын тоог 15,000 болгон хязгаарлах шийдвэрийг Трампын засаг захиргаа гаргажээ.

Энэ нь АНУ-ын түүхэнд хамгийн доод хэмжээ болж байна. Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн 2017 оноос хойш Дональд Трамп жил бүр гадаадаас авах цагаачдын тоог бууруулсаар ирсэн юм.

АНУ-ын төрийн департмент цагаачдын тоог бууруулах болсон шийдвэрээ “Covid-19 тахлын энэ цаг үед Америкчуудын аюулгүй байдлыг хангахын тулд” гэж тайлбарлажээ.

2020 оны санхүүгийн жилд Трампын засаг захиргаа 18,000 хүртэл тооны цагаач хүлээж авах хязгаар тогтоосон ч биелэлт нь 11,814 байсан байна.

Дээрх шийдвэрийг зарлахын өмнө Миннесота мужид сонгогчидтой уулзаж байхдаа Дональд Трамп өрсөлдөгч Жо Байден нь ирэх сонгуульд ялбал жилд авах цагаачдын тоог 125,000-д хүргэх гэж байгааг ярьжээ.

“Байден танай Миннесотаг дүрвэгчдийн хуаран болгох гэж байна. Тэр их хэмжээний хөрөнгийг цагаачдын сургууль, эмнэлэгт зарцуулахаар ярьж байгаа. Энэ бодлого нь одоо ч түрүүчээсээ хэрэгжээд эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Танай мужид ямар гай тарьсныг харцгаа” гэж тэр хэлсэн юм.

Трамп бас Миннесота мужаас Ардчилсан Намын гишүүн Илхам Омар конгресст сонгогдон ажиллаж байгаад харамсаж явдгаа ярьжээ. Омар нь Африкийн Сомали улсаас АНУ-д ирж суурьшсан дүрвэгч юм.

Цагаачдын эрхийг хамгаалагч байгууллагууд эхнээсээ Трампын тогтоосон хязгаарыг шүүмжилж эхэлжээ. Дэлхий даяар үзэл бодол, шашин шүтлэг, угсаа гарлаасаа шалтгаалан хавчигдан гадуурхагдаж буй хүмүүсийг АНУ хүлээж авах, хамгаалах үүрэгтэй гэж тэд үзэж байна. Мөн Трампын засаг захиргаа арьс өнгөний үзэл, цагаан арьстныг дээдлэх үзлийг системтэй хэрэгжүүлж байна хэмээн буруутгажээ.

 

Эх сурвалж: Associated Press