Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Навальный өөрийг нь хордуулсан хэрэгт ОХУ-ын ерөнхийлөгчийг буруутгав

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Наймдугаар сард Томск хотоос Москва руу нисэх замдаа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный өчигдөр анх удаа хэвлэлд ярилцлага өгчээ.

Түүнийг Зөвлөлтийн үед бүтээсэн Новичок хэмээх химийн бодисоор хордуулсан гэж Германы мэргэжилтнүүд дүгнэсэн юм. 44 настай Навальный Берлин хотын Charite эмнэлэгт 32 хоног эмчлүүлсний эцэст есдүгээр сарын 22-нд гарсан юм.

32 хоногийн 24 хоногт нь тэр эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байв.

Германы Spiegel сэтгүүлд өчигдөр ярилцлага өгөхдөө Навальный өөрийг нь хордуулсан хэрэгт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг шууд буруутгажээ.

Удахгүй эх орондоо буцах төлөвлөгөөтэй байгаагаа ярьсан Навальный “Хэрвээ би буцахгүй бол Путины зорилго биелсэнд тооцогдоно. Түүнд би ийм бэлэг баримааргүй байна. Түүнээс айхгүй гэдгээ харуулах нь одоо миний гол ажил. Энэ хэргийн цаана Путин байгаа. Надад өөр ямар ч хувилбар алга” гэж мэдэгдсэн байна.

Навальныйн мэдэгдлийн дараа Кремлийн хэвлэлийн алба хариу мэдэгдэл гаргажээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков түүнийг АНУ-ын тагнуулын төв газартай хамтарч ажилладаг, өөрийн эрүүл мэндэд ОХУ-ын ерөнхийлөгчийг буруутгасан нь ямар ч үндэслэлгүй гэж мэдэгдсэн байна.

Хариуд нь Навальный “Хэрвээ Песковын ярьж буй зүйл үнэн бол үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал болох ёстой. Тиймээс би баримт нотолгоогоо нийтэд ил болгохыг шаардаж байна” гэж хэлжээ.

Германаас гадна Франц, Шведийн лабораториудын шинжилгээний хариу Навальныйг Новичокоор хордуулсан гэж дүгнэсэн юм. Харин ОХУ-ын тал үүнийг эрс үгүйсгэж байгаа.

Томск хотын зочид буудалд байрлаж байхдаа хэрэглэсэн цэвэр усны савыг нь хордуулсан гэж Навальныйн талынхан үзэж байгаа юм.

Өчигдөр Навальный ярихдаа “Би буцаж очоод Оросын бүс нутгуудаар аялж, зочид буудалд нь бууж, өрөөнийх нь усыг хэрэглэсэн хэвээр байх болно. Би үүнээс өөр юу хийж чадах билээ? Путины нууц алуурчдын эсрэг хийж чадах юм надад байхгүй” гэжээ.

Навальныйг хордуулсан хэрэг Орос ба Өрнөдийн харилцааг муутгах бас нэг шалтгаан болж байна.

ОХУ-тай харилцаагаа хадгалах ёстой гэж үздэг Германы канцлерь Ангела Меркель хүртэл энэ хэргийн дараа хатуу байр суурь илэрхийлж эхэлжээ.

 

Эх сурвалж: AFP