Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Багануур, Шивээ-Овоогийн уурхайд техник технологийн шинэчлэл хийв

ikon.mn
2020 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал Багануур ХК-д /2020.10.01/ болж, Гүйцэтгэх захирал П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг уурхайд ажиллан өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, техникийн шинэчлэл болон охин хараат компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэж байна. 

Дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай, хэвийн үргэлжилж байгааг тус уурхайн удирдлагууд танилцуулав. Толгой компани болох “Эрдэнэс Монгол”-ын зүгээс уурхайнуудын найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны экспортын зээлийн санхүүжилтийг ашиглан энэ онд 18.3 сая ам.долларын үнэ бүхий 20 ширхэг техник худалдан авч, эхний шатны шинэчлэлүүдийг хийжээ.

 
 

Уг зээл нь хүү багатай бөгөөд Японы технологи, тоног төхөөрөмжийг ашиглах, цаашид JBIC-тэй хамтран Хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар Эрдэнэс Монголын охин, хараат компаниудын төслүүдэд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх юм. Цаашид хоёр уурхайн үйл ажиллагаа хэвийн найдвартай үргэлжлэх боломж бүрдсэн гэдгийг хурлын үеэр онцоллоо.    

Тус хоёр уурхайд 1998 онд Монгол нүүрс төслөөр хүрээнд Дэлхийн банк болон Япон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр техник технологийн шинэчлэл хийж байжээ. Ийнхүү 22 жилийн дараа техникийн томоохон шинэчлэл хийж байгаа нь энэ аж.

 

Эх сурвалж: Эрдэнэ Монгол ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.