Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүний чанар аюулгүй байдлын баталгаажуулалттай танилцав

A.Жаргал
2020 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв, Швейцари улсын хамтын ажиллагааны агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Мал аж ахуй, газар тариалан хосолсон бүсэд бэлчээр ашиглагчдын хэсэг, гэрээний туршлагыг нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн хэрэгжилтийн явцтай танилцах, “Хариуцлагатай нүүдэлчид” цахим систем ашиглан Сүүний чанар аюулгүй байдлын баталгаажуулалтын туршилтыг газар дээр нь хийх, тулгамдаж буй бэрхшээл, сайжруулах зүйлсийг тодорхойлох зорилготой уулзалт сургалт 9 сарын 14-16 ны өдрүүдэд болов. Энэ үеэр  Борнуур суман дахь Витафит милк ХХК-ийн сүү хүлээн авах цэг дээр малчдаас сүү хүлээн авч бүртгэх, чанар шалгах үйл ажиллагаатай танилцсан юм. Энэхүү арга хэмжээнд ХААҮШУОНТ, ШХА-ийн НАМЭМ, НАМЭМ төслийг хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Борнуур сумын төслийн удирдах хороо, Дижитал медик ХХК, Витафит милк ХХК-ний төлөөллүүд оролцлоо.

 

Витафит Милк компанийн ахлах лаборант н.Аззаяа

Малчид, фермерүүдээс сүү хүлээн авагч Витафит милк компанийн ахлах лаборант н.Аззаяа “Борнуур сумын малчид фермерүүдээс сүү авдаг болоод 5 жил болж байна. Өдөр бүр ирсэн малчид фермерүүдийн авчирсан сүүнээс дээж авч антибиотекийн үлдэгдэлтэй эсэхийг нь шалгаж тестэлж үздэг. Өмнө малчид сүүний найрлаган дахь антибиотекийн үлдэгдэл ямар хор нөлөөтэй вэ гэдгийг тоодоггүй авчираад тушаана. Нийлүүлсэн сүүнд жаахан л эмийн үлдэгдэл байвал тэр нь бүх сүүнд нөлөөлдөг байсан. Малчид, фермерт чиглэсэн мэдээлэл өгснөөр сүүлийн 2 жил тариа хийсэн малынхаа сүүг нийлүүлэхээ больсон. Сүү хүлээн авах чанарын үзүүлэлт гаргаж, түүнийгээ мөрддөг болсноор хэрэглэгчдэд үр ашиг нь гарч байгаа. Витафит компанийн сүү худалдан авахад ямар нэгэн эмийн үлдэгдэл антибиотекгүй, чанартай сүүг газар дээрээс нь татан авч хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа гэдгийг шууд мэдэж болно. 

Эрчимжсэн мал аж ахуйтай болсон учраас өвөл хаварт сүүгүй болно гэж санаа зовохооргүй болсон. Зундаа 200-250, өвөлдөө 100 гаруй малчин, фермер өрх сүү нийлүүлж байна. Зун намартаа энэ хүлээн авах цэг дээрээ эсвэл сумын төвөөс хол зайтай амьдардаг малчдаас өглөө болгон  хөргүүртэй машинаар очиж сүү авдаг. Тэгэхдээ яг энд авч байгаатай адил сүүний спирт, тослог, антибиотекийн үлдэгдэл байгаа эсэхийг шалгаж, нягтлаад хэн гэдэг малчны хотноос авсан сүү вэ гэдгийг бичиж тэмдэглэн байршилаа оруулж сүлжээнд бүртгүүлээд явчихдаг юм. Харин өвөлдөө айл болгоноос очиж сүүг нь авдаг. Харилцагч малчид маань голдуу портер машинтай, асахгүй байх асуудал гардаг тул бид очиж сүүгээ авдаг. Сүүний үнэ литр тутамдаа зундаа 700 болж, өвөлдөө  1200 болдог. Бид 9 сард 800 төгрөгөөр тооцож аваад сүү нийлүүлэгч өрхийн А дансны бүртгэлээр тооцоогоо хийгээд явдаг. Сүү нийлүүлэгч өрхүүдтэй байнгын гэрээтэй ажиллахаас гадна  харилцагч  өөрөө манай компанийг сонгож сүүгээ авчирвал сүүнийх нь стандартыг шалгаж манай шаардлагыг хангаж  байвал бид хамтран ажилладаг” хэмээн ажлаа танилцуулсан юм.

 

Тус компанид сүү нийлүүлдэг Борнуур сумын Нарт багийн малчин Б.Энхбаяр “Эрчимжсэн мал аж ахуйг эрхлээд 25 жил болж байна. Сүүлийн 5 жил Витафит компанитай хамтран ажиллах болсноор сүүний чанартаа илүү анхаарч ирлээ.  Чанартай сүү нийлүүлэх эсэх нь малчин биднээс шалтгаална. Малын тэжээл, арчилгаа, үүлдэр угсаа, малын эрүүл мэндэд анхаарсанаар чанартай сүү нийлүүлэх боломж бүрддэг. Үйлдвэрт нийлүүлэх сүүнийхээ чанарыг сайжруулахын тулд бид жил болгон малаа шинжилгээнд оруулж “Эрүүл мал” гэсэн гэрчилгээг авдаг. Малынхаа сүүний гарцыг нэмэгдүүлэх зорилгоор өөрийн санхүүжилт болон Витафит компанийн малчдад олгодог зээлийг авч тэжээл бэлтгэх ажлыг хийж байна. Манай фермерийн аж ахуй жилд дундажаар 35-40 тонн литр сүү нийлүүлдэг. Өөрсдийн  хэрэгцээнд 1 тонн орчим сүүг авч үлддэг. Сүүлийн хэдэн жилд сүүнийхээ чанарт анхаарч малынхаа үүлдэр угсааг сайжруулах ажлыг түлхүү хийж байна. Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч ирлээ. Сүүний чанар тослогоосоо шалтгаалдаг. Манай сүүний тослог дунджаар 3.2-4.8% хүртэл байдаг. Өвөлд 5.2 %  хүртэл тослогтой болох нь ч бий. Хаварт л 3.2% тай байдаг. Сүүний тослог нэмэгдэхийн хэрээр чанар сайжирч өтгөрдөг тул бид эрүүл малаас чанартай эрүүл сүү гарна гэсэн зорилго тавин ажиллаж байна” хэмээн хэлж байлаа.

Сүүний чанар аюулгүй байдлын баталгаажуулалтын үйл явцыг газар дээр нь хийх ажилтай танилцсаны дараа энэхүүү төслийг хэрэгжүүлэгч талууд Борнуур сумын Иргэний танхимд салбар тус бүрээр өөрсдийн хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулж, тулгамдаж буй бэрхшээл, сайжруулах зүйлсийг талаар харилцан санал солилцсон юм.

 

Малчид, фермерүүд сүү хүлээн авах цэгт ирж байгаа нь:

Сүүний нягтыг Ареометр/лактоденсиметрээр шинжилж авдаг. Сүүний нягтралыг тодорхойлж суунд ус хольсон байна уу, ормийг нь авсан байна уу гэж шалгах бөгөөд нягт нь 1027–с дээш байвал хүлээн авна.

 

90 мм-ийн диаметртэй саванд 2мл сүү хийж 76-83% ийн спирт хийн сайтар сэгсэрч, сүүний төлөв алдагдахгүй бол хүлээн авдаг.

 

Сүүний найрлаганд эмийн үлдэгдэл байгаа эсэхийг тестээр шалгаж байгаа нь. Тухайн сүүнд антибиотекийн үлдэгдэл байгаа бол зураас гардаггүй. Малчинд "Тухайн сүүнд антибиотекийн үлдэгдэлтэй байна" гэдгийг хэлээд сумынхаа мал үржлийн тасагт мэдэгдэж ямар эм хэрэглэсэнийг мэдэж тогтоодог. Улмаар 7-14 хоногийн дараа тарилга хийлгэсэн үнээний сүүг нь дахин шинжлүүлэхийг хүсдэг. Дахин шинжлээд сүүний найрлаганд эмийн үлдэл байхгүй гэдэг нь тодорхой болсон тохиолдолд сүүг хүлээн авдаг. Антибиотекийн үлдэгдэлгүй сүүнд дөрвөн зураас гардаг байна.

 

Шаардлага хангасан сүүг нийлүүлэх хөргүүрт хийж байгаа нь

Сүү нийлүүлэгч малчид фермерийн бүртгэлийг системд оруулж байгаа нь

Хүлээн авсан сүүний талаарх санхүүгийн баримт бичиж талууд гарын үсэг зурж хүлээлцэж байгаа нь

Төслийн явцтай танилцах үйл ажиллагааны фото: