Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын гадаад хэргийн сайд Умард Солонгост хулгайлагдсан иргэдийн асуудлыг хэлэлцэхээр Монгол улсад айлчилна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Япон улсын гадаад хэргийн сайд Тошимицү Мотеги ирэх долоо хоногт Монгол Улсад айлчлахаар бэлдэж байгааг дипломат эх сурвалжууд Лхагва гарагт мэдээлжээ.

Сайдын айлчлалын зорилго нь Умард Солонгост хулгайлагдсан өөрийн иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд Монгол улсын засгийн газартай хамтран ажиллах тухай гэнэ.

Тэрбээр Монгол улсын ерөнхий сайд, гадаад хэргийн сайд нартай уулзахаар төлөвлөжээ.

Монгол улс нь Умард Солонгостой уламжлалт сайн харилцаатай орнуудын нэг бөгөөд Япон улс Пёньяны дэглэмтэй харилцах харилцаандаа зуучлуулах сонирхолтой байдаг.

Саяхан Япон улсын ерөнхий сайдаар томилогдсон Ёшихиде Сүга ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахад бэлэн байгаагаа мэдэгдэж, хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэхэд бүх боломжоо дайчлан ажиллахаа илэрхийлсэн юм.

Мотеги сайд бас коронавирусийн цар тахлын улмаас тасалдаад байгаа хоёр орны агаарын тээврийн харилцааг сэргээх талаар Монголын удирдагчидтай хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Хамгийн сүүлд өнгөрсөн оны зургаадугаар сард тухайн үеийн Япон улсын гадаад хэргийн сайд Коно Таро Монгол улсад айлчилж байжээ.

 

Эх сурвалж: mainichi.jp