Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ням гарагт Шинэ Каледонид болох санал хураалтын үр дүнд дэлхий дээр шинэ улс мэндэлж магадгүй

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн Ням гарагт Номхон далайн Шинэ Каледони арлуудын оршин суугчид тусгаар тогтнолын санал хураалт зохион байгуулах гэж байна.

Австралийн эргээс 1,500 км зайтай оршдог эдгээр арлууд өнөөдөр Франц улсын бүрэлдэхүүнд багтдаг юм. 

Санал хураалтад оролцохоор бүртгүүлсэн 180,000 гаруй оршин суугчийн олонх нь “тийм” гэсэн санал өгвөл тусгаар тогтнох ба “үгүй” гэвэл Францын бүрэлдэхүүнд үлдэнэ.

Шинэ Каледонийн арлуудыг 1853 онд Франц улс анх колоничолж байжээ. 271,000 орчим тоотой хүн амынх нь 40 хувийг Номхон далайн уугуул иргэд болох меланез угсааны Канак хүмүүс бүрдүүлдэг. 

Бусад нь колоничлолын үед суурьшсан Европ хүмүүсийн үр удам, ажиллах хүчний зориулалтаар ирсэн Энэтхэг-Хятадын хойгийн хүмүүсийн үр удам болон сүүлд Францын бусад хэсгээс шилжиж суурьшсан хүмүүс байдаг. Мөн 11 хувь нь Тайти, Вануату зэрэг Номхон далай дахь Францын бусад колониудаас шилжиж ирсэн хүмүүс юм.

Канак хүмүүсийн үнэмлэхүй олонх нь тусгаар тогтнолыг дэмжиж байгаа. 1980-аад оны дундуур тусгаар тогнолын төлөө цуст тэмцэл Шинэ Каледонид өрнөж байсан бөгөөд 1998 онд арлын улс төрчид хүчирхийллийг зогсоох гэрээ байгуулж байжээ.

Энэ гэрээ ёсоор 20 жилийн хугацаанд Шинэ Каледонийн арлууд колоничлолоос аажмаар салж, эцэст нь тусгаар тогтнолын санал хураалт зохион байгуулах эрхтэй болох юм.

2018 оны арваннэгдүгээр сард эхний санал хураалт зохион байгуулагдахад 56.6 хувь нь Францын бүрэлдэхүүнд үлдэхийг дэмжиж байжээ.

Гэхдээ төсөөлж байснаас өндөр буюу 43.3 хувь нь тусгаар тогтнолыг дэмжсэн нь Францын эрх баригчдыг цочроосон үр дүн байв.

Ингээд хоёр дахь удаагаа 2020 онд санал хураалт зохион байгуулахаар болж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian