Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Сири, Ливи улсуудаас хөлсний дайчдыг Уулын Карабахт илгээж буйг ОХУ буруутгажээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Уулын Карабахт өрнөж буй Армени, Азербайжаны зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахаар Сири, Ливи улсуудаас хөлсний дайчид, террористуудыг илгээж буйд гүнээ харамсаж байгаагаа ОХУ-ын гадаад хэргийн яам өчигдөр илэрхийлжээ.

Оросын тал Уулын Карабахын мөргөлдөөнд оролцогч улсуудын төрийн тэргүүнүүдэд хандаж, ийм үйл ажиллагаа нь бүс нутагт урт хугацааны аюул занал учруулахыг анхааруулаад гадаадын хөлсний дайчдыг даруй нутгаасаа гаргахыг уриалсан байна. 

Мэдэгдэлд аль нэг улс орны нэрийг шууд дурдаагүй ч Турк болон Азербайжан улсуудад хандсан нь тодорхой байгаа юм.

Энэ долоо хоногийн эхээр Британийн “The Guardian” сонинд мэдээлснээр Сирийн Идлиб муж дахь Туркийн талыг баримтлагч зэвсэгт бүлэглэлийн дайчдыг Анкарагийн эрх баригчид Азербайжанд тулалдуулахаар элсүүлж байгаа ажээ.

Эдгээр дайчид өмнө нь мөн Анкарагийн санхүүжилтээр Ливид үүрэг гүйцэтгэж байсан гэнэ.

Дээрх мэдээлэл үнэн болохыг Армений засгийн газар баталсан бол Турк, Азербайжаны эрх баригчид үгүйсгэж байна.

Саяхан бас Францын эрэн сурвалжлах сэтгүүлч Гилльям Перьерийн олж мэдээлснээр есдүгээр сарын дундаас эхлэн Идлиб дэх Аль Хамза, Султан Мурад зэвсэгт бүлэглэлийн дайчдыг Азербайжанд тулалдуулахаар элсүүлж эхэлсэн гэнэ.

Тэдэнд сар бүр $1,000 орчим цалин өгөхөөр гэрээ байгуулж буйг мэдээлжээ.

Азербайжанд ийм замаар очсон хөлсний дайчдаас сүүлийн гурван өдрийн байдлаар хоёр нь амь үрэгдээд байгааг Перьер мэдээлсэн байна.

Азербайжаны газар нутгийн гүнд оршдог Уулын Карабах нь армени үндэстэн голлон суудаг бүс юм. 1991-1994 онд Азербайжанаас салан тусгаарлах дайн болсны үр дүнд одоо Уулын Карабах нь армени үндэстний зэвсэгт бүлэглэлийн хяналтад байдаг.

Азербайжаны засгийн газар Уулын Карабахыг эх орондоо нэгтгэх хүртэл тулаанаа зогсоохгүй гэж мэдэгдээд байна. Салан тусгаарласан газар нутгаа нэгтгэхийг нь үндэс угсаа нэгтэй Турк улсын эрх баригчид дэмжиж байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today