Иргэдийн хандивласан таван тоть бие биенээсээ хараалын үгс суралцаж, тасралтгүй урсгах болсон тул Британийн Линкольншир мужийн амьтны хүрээлэн тэдгээрийг олон нийтэд үзүүлэхээ зогсоон тусгаарлажээ.
Билли, Элси, Эрик, Жэйд, Тайсон нэртэй Африкийн саарал тотьнуудыг тус амьтны хүрээлэн наймдугаар сард хүлээж авсан юм байна. Гэтэл тун удалгүй тэд хэд хэдэн хараалын үг сурж, үзэгчид болон ажилтнуудад хандан хэлэх болжээ.
“Бид тоть хараал хэлж сурахыг харж байсан. Гэхдээ нэг зэрэг тавуулаа урсгаж байхыг хэзээ ч хараагүй” гэж амьтны хүрээлэнгийн захирал Стив Николс ярьж байна.
“Ихэнх тотьнууд чимээгүй байх дуртай байдаг. Харин энэ тотьнууд яагаад ч юм маш их таашаалтай хараал хэлцгээж байна. Намайг хажуугаар нь түргэн алхаж өнгөрөх бүрт “fat t**t” гэж хэлдэг” хэмээн тэр гомдолложээ.
Тотьнуудын хамгийн түгээмэл хэлдэг хараал нь “f*ck off” гэнэ.
Таван тоть хамт байхдаа бие биенээ уруу татаж, хараал хэлцгээж байна гэж үзээд тэднийг тус тусад нь салгасан байна. Үүнээс гадна үзэгчдэд үзүүлэхгүй хэсэг хугацаанд тусгаарлахаар болжээ.
Одоогоор үзэгчдээс ямар нэг гомдол ирээгүй, харин ч хараал хэлдэг тотьнуудыг хараад их баясацгааж байгаа гэнэ. Гэхдээ хүүхдүүдэд муу үлгэр дууриал үзүүлэхээс болгоомжилж, олны нүднээс тусгаарлахаар болсноо амьтны хүрээлэнгийн захиргаа тайлбарлажээ.
Африкийн саарал тоть нь энэ төрлийн шувууд дотроо хамгийн олон тоо толгойтой нь гэнэ. 2019 оны байдлаар Их Британи даяар 1.1 сая саарал тотийг айл өрхүүд тэжээж байжээ.
Коронавирусийн цар тахлын улмаас иргэд саарал тотио амьтны хүрээлэнгүүдэд хандивлах үзэгдэл сүүлийн үед нэмэгдсэн юм байна. Линкольнширийн амьтны хүрээлэнд одоогоор 200 орчим саарал тоть байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN