Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-д сонгогдсон 75 гишүүн бусад нэр дэвшигчээс 3.6 дахин их мөнгийг сонгуульд зарцуулжээ

Б.Ану
2020 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn /2020.06.30/

УИХ-ын сонгуульд 606 хүн нэр дэвшсэнээс 469 нь сонгуулийн зардлын тайлангаа ирүүлснийг Үндэсний Аудитын газар олон нийтэд нээлттэй болгоод байна. 

Сонгуулийн зардлын дансанд нийт 66.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, сонгуулийн үйл ажиллагааны зардалд 67.3 тэрбум төгрөг зарцуулсан тайлан гарсан байгааг ҮАГ мэдээлсэн. 

Тэгвэл iKon УИХ-д сонгогдож тангараг өргөсөн 75 гишүүний сонгуулийн зардлын тайланг нь танилцуулсан. Эдгээр 75 нэр дэвшигчийн нийт зардал 27.3 тэрбум төгрөг болсон нь тайлангаа гаргасан 469 нэр дэвшигчдийн нийт зардлын 40 хувийг эзэлж байна. Нийт тайлангаа гаргасан 469 нэр дэвшигчийн нэг хүнд ногдох сонгуулийн зардал дунджаар 143 сая төгрөг байгаа бол УИХ-д сонгогдсон хүмүүсийн нэг хүнд ногдох сонгуулийн зардал 363 сая төгрөг байгаа юм.

УИХ-д сонгогдож, тангараг өргөсөн 75 гишүүний нийт 27.3 тэрбумыг хасаж тооцвол сонгогдож чадаагүй нэг нэр дэвшигч 101 сая төгрөг тус тус зарцуулсан тооцоо гарч байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигч сонгогдож чадаагүй нэр дэвшигчээс дунджаар 3.6 дахин их мөнгийг сонгуульд зарцуулсан нь харагдаж байгаа юм.

Энэ нь УИХ-д зөвхөн мөнгөтэй хүн л сонгогдох боломж илүү их байгааг нотлон харуулж байна. 

График 1,  УИХ-д сонгогдсон нэг дэвшигчид ногдох зардал ба сонгогдож чадаагүй хүнд ногдох зардлыг харьцуулан харвал:

Мөн сонгуулийн 29 тойрог байсан бөгөөд тойрог тус бүрд зарцуулсан зардлыг нэгтгэж харуулбал, хамгийн их мөнгө зарцуулсан тойрог нь Хан-Уул дүүрэг буюу сонгуулийн 29-р тойрог байна. Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн нэр дэвшигчид нийт 5.8 тэрбум төгрөг зарцуулжээ. 

Мөн орон нутгаас хамгийн их мөнгө зарцуулсан тойрог нь Увс аймаг буюу сонгуулийн 15-р тойрогт нэр дэвшигчид 2.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. 

График 2, Сонгуулийн 29 тойрогт зарцуулсан сонгуулийн зардал, тойрог тус бүрээр, Эх сурвалж: ҮАГ