Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Халз мэтгэлцээний үеэр Трамп өрсөлдөгчийнхөө сэтгэцийн эрүүл мэндэд санаа зовж, Байден түүнийг “алиалагч” гэж нэрлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч эрхмүүдийн анхны халз мэтгэлцээн нэлээд ширүүн уур амьсгалтай болж өнгөрлөө.

Одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп өрсөлдөгч Жо Байденыг уурлуулж, эмх замбараагүй байдал үүсгэх тактик хэрэглэнэ гэсэн урьдчилсан таамаг байсан юм. Мэтгэлцээний эхнээс энэ нь тодорхой болж, Трамп өрсөлдөгчийнхөө үгийг гүйцэд хэлүүлэлгүй тасалдуулж, хэрүүл маргаан үүсгэж байв.

Үүний улмаас тэд хоорондоо хатуу ширүүн үг шидэлцэж эхэлсэн юм. Тухайлбал Трамп өөрөөсөө гурван насаар ах Байденыг хөгширч, хурдан сэтгэж чадахгүй болсон тул ерөнхийлөгчийн албыг хаших чадваргүй гэсэн бол Байден түүнийг “алиалагч” гэж нэрлээд амаа хамхихыг дахин дахин шаардаж байв.

Коронавирусийн цар тахлын эсрэг хангалттай ажиллаж чадаагүйг нь Байден шүүмжлэхэд Трамп хэрвээ оронд нь Байден байсан бол нөхцөл байдал өнөөдрийнхөөс бүр муу байхыг хэлсэн байна.

Мэтгэлцээнд Жо Байден өрсөлдөгчийнхөө татвар төлөлтийн асуудлыг хөндөж, илүү оноо авах боломжтой байсан ч Трампын үүсгэсэн хэрүүл маргааны сүүдэрт энэ сэдэв дарагдсан юм.

Хэдхэн хоногийн өмнө Нью Йорк Таймс сонинд Трамп болон түүний компанийн сүүлийн 20 орчим жилийн хугацаанд холбооны засгийн газарт төлсөн татварын тайланг ил болгож байв. Уг баримтад өгүүлснээр Трамп 2016, 2017 онуудад хувиасаа ердөө $750-ын татвар төлж, компани нь алдагдалтай ажилласан шалтгаанаар ихэнх хугацаанд татвар төлөөгүйг харуулжээ.

Харин мэтгэлцээний өмнөх өдөр Жо Байден 2019 онд бараг $300,000-ын татвар төлсөн тухай баримтаа нийтэд дэлгэсэн юм.

Мэтгэлцээний дараа CBS News сувгийн авсан үзэгчдийн санал асуулгын дүнгээр Байденыг 48 хувь нь ялсан гэж үзсэн бол 41 хувь нь Трампыг ялсан гэж, 10 хувь нь тэднийг тэнцсэн гэж дүгнэжээ.

Үүнээс гадна мэтгэлцээн эмх замбараагүй, хүнд хэцүү уур амьсгалд болж өнгөрсөн тул гол хохирогч нь Америкийн Нэгдсэн Улс боллоо гэж ажиглагчид дүгнэж байна.

Үзэгчдийн 69 хувь нь мэтгэлцээнийг үзээд бухимдсан, 19 хувь нь урам хугарсан гэж хариулснаар энэ дүгнэлт батлагджээ. Үзэгчдийн 31 хувь нь мэтгэлцээн зугаатай, хөгжилтэй байсан, 17 хувь нь мэдээлэл олж авсан гэж хариулсан нь хамгийн өөдрөг хариултууд болсон байна.

 

Эх сурвалж: BBC