Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Армени улс байлдааны нисэх онгоцыг нь Туркийн онгоц буудаж унагасан тухай мэдэгдлээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Туркийн зэвсэгт хүчний F-16 сөнөөгч онгоц

Мягмар гарагт Армени улсын агаарын орон зайд нисэж явсан нэг байлдааны нисэх онгоцыг нь Турк улсын F-16 сөнөөгч онгоц буудаж унагасан тухай Ераваны эрх баригчид мэдээлжээ.

Үүний улмаас Армений нисгэгч амиа алдсан байна. Уулын Карабахт газар нутгийн маргааны улмаас Арменитай дайтаж буй Азербайжан улсыг үндэс угсаа нэгтэй Турк улс дэмжиж байгаа.

Байлдааны даалгавар гүйцэтгэж явсан Сухой Су-25 нисэх онгоцыг нь Туркийн армийн F-16 сөнөөгч онгоц буудаж унагасныг Армений батлан хамгаалах яам мэдэгджээ.

Харин Туркийн засгийн газрын төлөөлөгч Фахреттин Алтун энэ мэдэгдлийг эрс няцаагаад “Армени улс ийм хямдхан, явуургүй суртал нэвтрүүлэг цацахын оронд булаан эзэлсэн газар нутгаасаа гарах хэрэгтэй” гэж анхааруулсан байна.

Азербайжаны батлан хамгаалах яам мөн Армений нисэх онгоцыг Туркийн онгоц унагасан гэх мэдэгдлийг няцаажээ.

Ням гарагт Уулын Карабахт эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас олон арван хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархдаад байна. Армени үндэстнүүд голлон суудаг Уулын Карабахыг Азербайжаны бүрэлдэхүүнээс гаргаж, тусгаар тогтнуулах тэмцэл бүр 1990-ээд оноос эхэлсэн юм.

1994 онд гал зогсоох гэрээ байгуулсны дараа Уулын Карабахт армени үндэстний зэвсэгт бүлэглэл хяналтаа тогтоож, Бакугийн эрх баригчдад захирагдахгүй болжээ.  

Гэхдээ энэ бүс нутгийн тусгаар тогтнолыг дэлхийн ганц ч улс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд зөвхөн Армени улсын эрх баригчдын дэмжлэг дор оршдог.

Армени, Азербайжаны зөрчил нэмэгдэх тусам тэдний гол холбоотон Орос, Турк улсууд уг асуудалд татагдан орж болзошгүй болоод байна.

Турк, Армени, Азербайжан улсуудтай тогтмол холбоо барьж, зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох тал дээр ажиллаж байгаагаа ОХУ-ын тал саяхан мэдэгдсэн юм. Дайсагнагч талуудад цэрэг, зэвсгийн дэмжлэг үзүүлэх ямар нэг яриа гаргах нь “гал дээр тос нэмэхтэй адил” хор уршигтайг Кремлиэс анхааруулж байв.

 

Эх сурвалж: Reuters