Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Туул: Зүрхний бүтцийн өөрчлөлтгүй, үйл ажиллагааны гаралтай зүрхний зовуурьтай хүмүүс илүү хандаж байна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 9 сарын 30
IKON.MN
Зураг зураг

“Интермед” эмнэлгийн зүрх судасны эмчТэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Б.Туултай ярилцлаа.

 -Танай Интермед эмнэлэгт хандаж буй үйлчлүүлэгчдэд зүрхний ямар өвчин давамгайлж байна вэ?

-Амбулаториор үзүүлж байгаа зүрхний зовуурьтай хүмүүсийн бараг 70 хувь нь булчин мэдрэлийн гаралтай цээжний өвдөлтүүд, мэдрэл бодисын солилцооны тэнцвэргүй байдлын гаралтай бачуурал бөглөрөлүүд байдаг. Эдгээрт шинжилгээ хийхээр зүрхний бүтэц бүрэлдүүн хэвийн, зүрхний цус шахах үйл ажиллагаа хэвийн явагдаж байдаг. Ийм тохиолдолд зүрхний эмнүүд төдийлөн тус болохгүй. Харин уг хүндээ маш их зовуурьтай, цээжээр өвдөнө, эсвэл судасны агчил өгөөд  даралт пульс огцом өгсөөд ирнэ. Үүний цаана механик бөглөрөл томрол байхгүй боловч мэдрэл дааврын тэнцвэр алдагдсанаас бодгаль хүний бодисын солилцоонд гүн хямрал явагдаж байдаг. Энэ нь уг хүний ажиллах чадварыг сулруулж, тодорхой хэмжээгээр амьдралын чанарыг нь бас бууруулах хандлага ч байж болно. Гэхдээ зүрхний бүтэц үйл ажиллагаа нь хэвийн байгаа болохоор даамжруулалгүй зогсоож чадвал уг хүн маань хэвийн байдалд буцаж бүрэн орох боломжтой.

Зүрх гэдэг эрхтэн сэтгэл санааны байдалтай бас холбоотой. Зүрх гэдэг үг ямагт сэтгэл гэдэг үгтэй холбоотой оршдог. Уламжлалт эмнэлэгт зүрх бол сэтгэлийн орон гэдэг, хүний сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэл санааны байдал зүрхний үйл ажиллагаа, өвчлөлд  маш их нөлөөтэй. Нийгмийн хөгжил, хотжилт, орчин үетэй холбоотойгоор хүний сэтгэл санаа хямрах нь их болсон. Удаан хугацааны буруу амьдралын хэв маяг, ажлын ядаргаа, сэтгэл санааны тогтворгүй байдлаас болсон зүрхний эмгэгүүдийг дан ганц зүрхний эмч эмчилж үнэндээ бол чадахгүй. Хоол боловсруулалт, мэдрэл, ялангуяа сэтгэцийн эмч нарын тусламж их шаардлагатай байдаг. Эн тэргүүнд сэтгэл санааны тэнцвэргүй, тогтворгүй байдлыг эмийн болоод эмийн бус аргаар хэвийн болгох шаардлагатай. Буруу хэвшил, буруу хооллолт, бусад олон хүчин зүйлсийн удаан хугацааны үр дүнд үүссэн байдаг учраас зовуурь нь бас тийм ч амархан дарагдахгүй. Удаан хугацааны турш тэр хүн амрах, зөв хооллох, сайн унтах, амьдралынхаа хэв маягийг өөрчлөх шаардлага үүсдэг. Ер нь бол маш олон өвчин идээ ундаа явдал мөрийн гаралтай гэдэг болохоор зөвхөн зүрх биш бусад эрхтэн системийн өвчлөлийн үед ч хоол, нойр, түүнээс улбаалсан сэтгэл санааны байдал олон юмны суурь үр хөврөл нь болдог.

-Манайхан сэтгэл зүйн зөвлөгөө авах үйлчилгээнд төдийлөн ач холбогдол өгөөд байдаггүй юм шиг санагддаг. Өвдвөл эм, тариагаар л дарчих гээд байдаг?

-Тийм. Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадгана гэсэн ойлголт бий. Юмыг хэт их хүчилж хийх, хэтэрхий их хүсэмжилж, болж бүтэхгүй байхад нь өөрийгөө шавдуулах, тачъяадах, өлөн хоосон явах, эсвэл хоол ундаа хэтрүүлэх зэрэгт хий ихсэж тэнцвэр алдагддаг. Европ эмнэлгээр бол ургал мэдрэлийн тэнцвэргүй байдлыг бий болгодог.  Мэдрэл дааврын өөрчлөлтүүд гарч,  судасны агчил, тэлэлт цусны эргэлтэд өөрчлөлт бий болно. Даралт нь огцом 180 хүрч, зүрх нь дэлсээд 110-120, бүр 150 ч болж магадгүй. Эсвэл зүрхний хэм алдагдлууд үүсэх ч юм уу, бачуурч амьсгаадах зовууриудыг өгнө. Ийм хүмүүст хэт ужиг болоогүй үед нь бол уламжлалт эмнэлгийн хий дарах эмчилгээнүүд бас сайн нөлөө үзүүлж болно. Анх 20-р зууны эхний хагаст Монголд сэтгэцийн эмнэлэг салбарлаж гарахдаа Хий судлалын больниц нэртэй байсан гэдэг. Ер нь бол хий, сэтгэл, зүрх гэдэг ухагдахуунууд хоорондоо уялдаатай гэсэн үг.  

-Ер нь бол амьдралын буруу дадлаас л болох нь ээ дээ?

-Нэгэн үе хоолойн ангины гаралтай зүрхний өвчин гэж ярьдаг микробын гаралтай хавхлагийн өвчнүүд их байсан бол одоо харьцангуй бага болоод, оронд нь бидний амьдралын буруу хэв маягтай холбоотой судасны нарийсал, таргалалттай холбоотой өвчнүүд илүү ихсээд байгаа юм. Зүрхний зарим өвчин, ялангуяа судасны эмгэгт удмын хүчин зүйл бий. Гений түвшинд бол удмын хүчин зүйлийг одоогоор хүмүүс засаж чадахгүй. Харин таргалалт, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, тамхи зэрэг бол хүн өөрөө засаж болох хүчин зүйлс. Эдгээр хавсралт хүчин зүйл л байхгүй бол удмын хүчин зүйл айгаад байх зүйл биш.

Судасны нарийссан хэсэгт бүлэн буюу нөж үүсч, судас бөглөрсний улмаас шигдээс, харвалт зэрэг судасны амь насанд аюултай хүндрэлүүд гардаг. Үүний механизмд микроб, бичил биетнүүдийн оролцоо бас бий. Судалгаагаар, хүний буйлны үрэвслийг үүсгэдэг стрептококкийн нэг хэлбэр нь судасны хатуурал үүсгэсэн өөхөн товруу үүсэхэд оролцоо байна гэж үзсэн байдаг. Ер нь хүний биед хэдэн кг вирус, микроб оршиж байдаг. Тэр нь бас сайн, муу гэж бий. Тэдгээрийг бүгдийг устгаж чадахгүй, угаас хүний биед тодорхой хэмжээгээр байх ёстой. Буруу хооллох ч юм уу, нойргүйдэх, хэт даарах, ядрах, өлсөх, амьдралын хэв маяг алдагдах зэрэг олон хүчин зүйлийн улмаас микроб бичил биетний харьцаа өөрчлөгдөж, хүний биед явагдаж байгаа биохимийн процессуудад нөлөөлж байдаг. Одоогийн байдлаар бол идэвхжил нь ихсэхээр хүнийг маш их ядраадаг элэгний С,В вирусийг л бид их сайн мэддэг болж байна. Гэтэл бол өөр хэдэн түмэн бичил биетэн бидний биед хамт амьдарч байгаа. Эдгээр хамтран амьдрагчдаа өөртөө хор учруулахгүй тайван байлгая, өөр хооронд нь дайтуулахгүй байлгая гэвэл зөв хөдөлгөөнтэй байж, жингээ хадгалан, нойр сайн авч, зөв хооллох л байгаа юм. Эс тэгвээс тэд нар зөвхөн судас ч биш, хавдар үүсгэхэд ч нөлөө үзүүлдэг.

 

-Сүүлийн үед зүрхний өвчин залуу хүмүүст илүү тохиолдож байна гэж ярих болсон?

-Зүрхний бүтцийн өөрчлөлт оношлогдоогүй мөртлөө үйл ажиллагааны хямралтай хүмүүс, бидний ярьдгаар ядаргааны гаралтай зүрхний зовиуртай хүмүүс их байна гэж түрүүнд хэлсэн. Тийм хүмүүсийн нэлээн хувь нь залуу хүн, 20-35 настай, бүр өсвөр настай нь ч бий. Дээр үед хүүхдүүд гадаа гарч, чөлөөтэй тоглодог байсан бол одоо компьютерийн ард, утасны дэлгэц ширтэж удаан хугацаагаар суудаг болсон. Бас иддэг хоол нь чипс, бэлэн хоол. Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, хэрээс хэтэрсэн баяр жаргал, хэтэрхий хангалуун байдал бүгд хүний эд эсийг гэмтээж, зүрхэнд нөлөөлнө гэж үздэг. Зохисгүй буруу байдал удаан үргэлжилбэл хүнийг яагаа ч үгүй, залуугаас нь бодисын солилцооны тэнцвэргүй байдалд оруулж, тэр суурин  дээр сэтгэл хөдлөлийн өөрчлөлт гарч ирдэг. Харин сэтгэл хөдлөл бүхэн тодорхой холбоотой эрхтнүүдээ гэмтээж байдаг. Жишээ нь, уур элгийг гэмтээнэ гэх мэт. Нийгэм дэхь шударга бус байдал, архидалт, ажилгүйдэл, энэ бүгд гэр бүлийн амьдралд нөлөөлж, сэтгэл түгших, гутрах явдал маш залуугаас, хүүхэд үеэс бий болж байгаа нь цөөн биш тохиолдол болоод байгаа гэж ойлгож байгаа. Мөн зах зээлийн үед шаргуу хөдөлмөрлөж, их юмыг бүтээж байгаа бүтээгч хүмүүс хэтэрхий удаан хугацаагаар ажил, амьдралын буруу дэглэмтэй байхын зэрэгцээ санаа зовж, байнгын стресстэй байдгаас зүрхний хямралд орох тохиолдол зөндөө бий. Иймэрхүү байдал удахаар зүрхний бүтцэд нөлөөлж, өөрчлөгдсөнөөр зүрхний бие даасан өвчин болж хувирах магадлалтай. Гэхдээ энэ бүгд зөвхөн манайд гараад байгаа зүйл бишээ. Нийгмийн хөгжлийн тодорхой үе шатанд бүх хүн төрөлхтөнд тохиолдож байдаг зүйл. Аяндаа энэ бүгд засарна.

-Ер нь сэтгэцийн эмч нар ч ингэж ярьдаг юм билээ. Хөгжингүй орнуудад бараг хүн болгон сэтгэл зүйчтэй байдаг. Манайд заавал сэтгэцийн эмгэгтэй хүн сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлэх ёстой гэсэн ойлголт байгаад байдаг?

-Заавал тийм биш. Үйл ажиллагааны хямралтай, нойргүйдэл, хэт ядаргаанд орсон хүмүүст маш эртнээс сэтгэцийн эмчийн тусламж үзүүлэх ёстой. Далимд хэлэхэд манайхан 5-10 хоног эмнэлэгт хэвтэж, витамин ч юм уу, дусал тариа хийлгээд сайхан болчихно гэж боддог. Түүний оронд өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн, хүзүү, нурууны булчин суллах дасгал хийж сурвал нь стресс тайлах сайн менежмент болж байгаа юм. Хүзүү, нурууны булчин угаас өөрөө их хүчтэй чанга булчин. Стрессийн хариу урвал болоод чангараад ирдэг. Булчингийн чангарлын гаралтай мэдрэлийн өвдөлтийг булчин суллах амьсгалын дасгал хийж, зөв хооллоод, сайн унтчихвал гайгүй болчихно. Эмгүйгээр ихэнх нь зүгээр болно гэсэн үг.

-Хүмүүсийн бас нэг алдаа нь сүлжээний эмийг олон сараар дур мэдэн уудаг?

-Эм бэлдмэлийн сурталчилгаанд шүүмжлэлтэй хандах ёстой. Нэмэлт бүтээгдэхүүнүүдийг удаан хугацаагаар хамаагүй хэрэглэж болохгүй. Тэдгээрийн орцыг харахад голдуу маш өндөр тунтай байдаг, тэрийг нь уусан тухайн үедээ бие нь сайхан сэргэж, зовиур алга болдог ч аажимдаа, цаагуураа илүү хямралыг  бий болгох нь маш элбэг. Нэмэлт бэлдмэлээ уухаа болихоор буцаад зовуурь гарах, тэнцвэргүй байдалд орж, туйлдаа хүрсэн хүмүүс ирэх нь бий.

1970-аад оны үед Америкт нэгэн тураах бэлдмэл үр дүнгээ өгч, олон хүн жингээ хаясан учир маш ихээр борлогдсон байдаг. Гэтэл тодорхой хугацааны дараа уусан хүмүүст нь зүрхний хавхлагын гажиг үүсээд эхэлсэн. Тураахын хажуугаар зүрхний хавхлагын гажиг үүсгэж байна гэдэг нь тогтоогдсоноор эмийн хорооноос практикт хэрэглэхийг хориглосон байдаг. Одоо манайд сүлжээгээр янз бүрийн эм, нэмэлт бүтээгдэхүүн орж ирж байна. Тэдгээрт зүрхний хавхлаг гэмтээх бодисын найрлага байхгүй гэх газаргүй. Бас нэг нэмж хэлмээр зүйл гэвэл орчин үед эм тариа, антибиотикийн хэрэглээнд маш болгоомжтой хандах ёстой. Тухайн эрхтэнд голдуу үрждэг, тухайн өвчнийг голдуу үүсгэдэг бичил биетнүүдийг эрдэмтэд судлаад тогтоосон байдаг. Бас шинжилгээгээр ямар бичил биетэн, ямар антибиотикт устах вэ гэдгийг тогтоож ч болдог. Тэрэнд нь л тохирсон антибиотикийг хийхгүй бол биеийн дархлааг сулруулж, бичил биетний  эмчилгээнд тэсвэртэй байдал үүсгэдэг. Ялангуяа орчин үед олныг хамарсан аюултай халдварууд бий болж байгаа нөхцөлд бид антибиотикийг зөв хэрэглэх явдал маш чухал болж байгаа юм. Энэ тухай олон эмч ярьж хэлэх юм, гэхдээ арай цэгцрэхгүй л байгаад байна.

-Зүрх, даралт хоёрыг салгаж ярих боломжгүй. Даралт ихтэй, эсвэл багатай хүмүүст бас зөвлөгөө өгөөч?

-Нийгмийн хөгжил, хотжилт нь даралт ихсэхэд нөлөөлөх нь бий. Даралтны эм уугаад ч цаад ихэсгэх шалтгаан нь хэвээр байгаад байвал тэр хэрээр асуудал үүснэ. Зүйрлэж хэлье. Ихэссэн даралтыг эмээр дарж байгаа нь үйлдвэрийн эзэн ажилчдын бослого хөдөлгөөнийг буу шийдмээр хүчээр дарж байгаагаас өөрцгүй. Уг нь бол учир шалтгааныг олж ажилчдынхаа ажиллах нөхцөлийг хэвийн болгох, шөнийн ээлжийн ажлыг багасгах, хөдөлмөрийн нөхцөлийг нь сайжруулдаг ч юм уу, цалин хөлсийг нь нэмдэг ч юм уу шалтгаан, механизмыг нь засвал тэр үйлдвэр цаашаа хэвийн явна. Тэгэхгүй хүчээр бослогоо дараад байвал үйлдвэр алсдаа нурна. Даралтыг мөн тэгж ойлгож болно. Таны даралт ихсэж байгаа нь таны амьдралын хэв маяг хоол нойронд чинь асуудал байна гэдгийг бие махбод чинь илэрхийлж танд хэлж өгч байгаа л гэсэн үг. Оройтоогүй дээр нь архи тамхиа больж, зөв хооллоод сайн амарч унтах юм бол даралт хэвийн болж, эм ууж буулгах шаардлагагүй болно.  Хожуу шатанд бол эмээ тогтмол уухын зэрэгцээ өөрийгөө өөрчлөхөд маш сайн анхаарах хэрэгтэй. Зөвхөн эм биш, өөрөөс нь л олон юм шалтгаална.

Бас даралт багатай цөөнгүй хүмүүс бий. Эдгээр хүмүүст хөдөлгөөн дасгал их чухал, ажлын дундуур 2 цаг тутамд ч юм уу босч хөдөлж, гимнастик хийж, цусны эргэлтээ эрчимжүүлж, тархинд очих цусаа идэвхжүүлж байх хэрэгтэй. Бас шим тэжээлтэй сайн хоол унд идэж ууж байх чухал.

-Зарим тохиолдолд зүрхэнд эрдэс дутагддаг шалтгаан бий юу. Нэг найз маань зүрх гээд л яваад байсан, эцэстээ цайр дутагдсан гэж л гарсан байсан?

-Зөв хооллолт, зохистой түвшинд эрдэс бодисоо аваад байгаа бол дутагдахгүй. Бие сульдаж, ажлын хэт ачаалал, эсвэл хооллолтын шалтгаанаас цайр дутагдах нь бий. Цайр нь хүний өвчин эсэргүүцэх чадварыг сайжруулдаг элементүүдийн нэг. Дутагдсан элементээ нөхөх нь зовиурууд арилахад тусалж болно.

Ер нь бол хүн ардаа эрүүл байлгая гэвэл ээжүүдээс, хүүхэд эхийн хэвлийд бүрдэхээс нь авахуулаад анхаарах ёстой гэж би боддог юм. Бие эрхтэн, тэр дундаа зүрхний хямралуудын эх үүсвэр маш багаасаа тавигддаг. Жирэмсний хордлоготой, хоол, нойр дутуу, ядаргаатай биеийн тэнцвэргүй байдалд орчихсон эхээс төрсөн хүүхэд дөнгөж төрсний дараа бага насанд нь илрэхгүй ч сайн тордохгүй бол аажимдаа хямралууд амархан гарах магадлалтай бүлэгт орно.

-Эцэст нь асуухад, зүрхний бие даасан өвчнийг мэдрэлийн гаралтай өвчлөлөөс яаж ялгах вэ. Шинж тэмдэг бол адилхан юм?

-Орчин үед оношилгооны олон арга нэвтэрсэн. Хамгийн өртөг багатай, хор багатай шинжилгээ гэвэл зүрхний бичлэг, зүрхний хэт авиан шинжилгээ байна. Хамгийн түрүүнд энэ шинжилгээнүүдийг хийж зүрхний бүтэц ямар байна, цус шахах үүргээ хэр зэрэг гүйцэтгэж чадаж байна, судасны нарийслийн дам шинжүүд байна уу, хавхлагууд хэр ажиллаж байна зэргийг тодорхойлж болдог. Ингэснээр бусад өвчнөөс ялган оношлох эхний алхам болдог.

-Танд өөр нэмж хэлмээр зүйл байвал...

-Амны билгээс ашдын билэг гэдэг үг одоогийн бидний үед их чухал үг байх шиг санагддаг. Юмыг сайн талаас нь харцгаая, зүрхээ хайрлая гэвэл. Бас нэг зүйл хэлэхэд өвчин эмгэг гэдэг зүйл эрт үед ч байсан, одоо ч байгаа, ирээдүйд ч байх л болно. Хүмүүс нэг өвчнийг ялан дийлэвч, өөр нэг нь хэлбэр дүрс өнгө зүсээ хувирган гарсаар байна. Гэвч миний бодлоор айх хэрэггүй, удахгүй эмчлэх арга гараад л ирнэ. Бид харин өөрөөс хамаарах, засаж болох муу зуршлуудаа засах л чухал байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.