Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп, Байден нарын анхны мэтгэлцээн маргааш өглөөний 9:00 цагт эхэлнэ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Дональд Трамп, Жо Байден нарын анхны халз мэтгэлцээн Улаанбаатарын цагаар маргааш өглөөний 9:00 цагт (АНУ-ын зүүн эргийн цагаар 21:00 цагт) эхлэх гэж байна.

Нэр дэвшигчдийн олон нийтийн дундах рэйтингийн харьцаа сүүлийн хэдэн сарын турш тогтвортой байгаа ба Ардчилсан Намаас нэр дэвшигч, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден тогтмол тэргүүлж байна.

Халз мэтгэлцээн нь 77 настай Байден, 74 настай Трамп нарын хувьд оюун ухаан хөгшрөөгүй, эрүүл саруул байгаагаа хүмүүст харуулах боломж юм.

Нэр дэвшигчид мэтгэлцээнд өөр өөрийнхөө аргаар бэлдэж буй тухай мэдээлж байна. Тухайлбал Байден зөвлөхүүдтэйгээ хамт бэлдэж байгаа бол Трамп өрсөлдөгчийнхөө 2008, 2012 онуудын мэтгэлцээнд хэрхэн оролцож байсан бичлэгийг үзэж байгаа гэнэ.

Кливлэнд мужийн Кэйс Уэстерн Резерв их сургуулийн байранд болох мэтгэлцээн 90 минут үргэлжлэх ажээ.

Мэтгэлцээнийг Fox New Sunday нэвтрүүлгийн хөтлөгч Крис Уоллос хөтлөхөөр болсон байна. Тэр 2016 онд Дональд Трамп, Хиллари Клинтон нарын гурав дахь мэтгэлцээнийг хөтөлж байжээ.

Мэтгэлцээн нь дээд шүүх, Covid-19, эдийн засаг, сонгуулийн шударга байдал, арьс өнгөний үзэл, бодлого гэсэн зургаан сэдвээр тус бүр 15 минутын хугацаанд явагдах гэнэ. 

Энэ сарын дундуур АНУ-ын дээд шүүхийн шүүгч Рут Бэйдер Гинзбург 87 насандаа таалал төгсөж, түүнийг залгамжлах хүнийг сонгуулийн өмнө, эсвэл дараа томилохын аль нь зөв болох талаар маргаан нэр дэвшигчдийн хооронд өрнөсөн юм. 

Тэгвэл энэ асуудал мэтгэлцээний нэг гол сэдэв болохоор болж байна.

Арваннэгдүгээр сарын 3-нд болох сонгуулиас өмнө нэр дэвшигчид гурван удаа халз мэтгэлцээнд оролцох ёстой. Дараагийн хоёр мэтгэлцээн аравдугаар сарын 15 ба 22-нд тус тус болох юм.

Харин дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид болох Бүгд Найрамдах Намын Майк Пэнс, Ардчилсан Намын Камала Харрис нарын мэтгэлцээн аравдугаар сарын 7-нд Солт Лэйк Сити хот дахь Ютагийн их сургуульд зохион байгуулагдахаар болжээ.

 

Эх сурвалж: Tribune News Service