Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Аадитя Маттоо: Монгол Улсын эдийн засаг энэ онд 2.4% агшихаар байгаа нь 2009 оны хямралаас хойших анхны тохиолдол

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

КОВИД-19 цар тахлын тархалтыг тогтоон барьж чадсан зарим орны эдийн засаг сэргэж байгаа ч олон улсын эдийн засгийн идэвхжил сул хэвээр байна. 

Иймд ядуурлыг нэмэгдүүлэх эрсдлээс сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авахыг Дэлхийн банкны Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланд онцолжээ.  

Дэлхийн Банкнаас жилд хоёр удаа бүс нутгийн эдийн засгийн тойм тайланг шинэчлэн гаргаж танилцуулдаг уламжлалтай. 

Мөн тайланд дурдсанаар “Бүс нутгийн эдийн засаг 2020 онд 0.9 хувиар өсөхөөр байгаа нь 1967 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болохоор байна гэж үзсэн байна.

Тодруулбал, БНХАУ-д дотоод эрэлт сул байгаа ч улсын секторын хөрөнгө оруулалт болон экспорт нэмэгдэж, гуравдугаар сараас хойш халдварын дотоод тархалт харьцангуй хязгаарлагдмал байснаас шалтгаалан 2020 онд эдийн засаг нь 2%-аар өсөх төлөвтэй байгаа юм байна. Харин бүс нутгийн бусад орны эдийн засаг 3.5 хувиар агших төсөөлөлтэй байна” гэж дүгнэжээ.

Монгол Улсын эдийн засгийн хувьд гадаад эрэлт суларч, цар тахлын эсрэг хорио цээрийн арга эмжээ нь уул уурхай болон үйлчилгээний салбарт томоохон сорилт учруулснаар 2020 онд 2.4%-аар агшихаар байна. Энэ нь 2009 оны хямралаас хойш эдийн засаг анх удаа хасах утга руу орж байгаа тохиолдол аж.

Харин 2021 онд бүс нутгийн эдийн засгийн төлөв харьцангуй өөдрөг байгааг эдийн засагчид хэлсэн. Тухайлбал, уул уурхай болон боловсруулах салбарын хөрөнгө оруулалт, хувийн хэрэглээний идэвхжилтэй холбоотойгоор Монголын эдийн засаг 2021-2022 онуудад 5-аас дээш хувиар өсөх төлөвтэй гэж төсөөлжээ.  

"Цар тахлын нөлөөгөөр 38 сая хүн ядуу хэвээр эсвэл ядуусын эгнээнд шилжих эрсдэл үүсэж болзошгүй"

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Викториа Кваква “Бүс нутгийн ядуурлын түвшин сүүлийн 20 жилд анх удаа нэмэгдэх эрсдэлтэй байна. Цар тахлын нөлөөгөөр 38 сая хүн ядуу хэвээр эсвэл ядуусын эгнээнд шилжих эрсдэл үүсэж болзошгүй (дундаас дээш орлогын ядуурлын шугам буюу хоногийн хэрэглээг 5.5 ам.доллароор тооцсон)

КОВИД-19 цар тахлын нөлөө ядуу хүмүүст хамгийн хүндээр тусаад зогсохгүй ядуусын эгнээг тэлж байна. Бүс нутагт өмнө нь түүхэнд байгаагүй сорилтууд тулгарч, Засгийн газрууд бодлогын маш хүнд сонголттой нүүр тулж байна. Энэ байдлыг зөөлрүүлэхийн тулд ядуус болон албан бус секторыг хамарсан нийгмийн хамгааллыг өргөжүүлж, сайжруулах шаардлагатай” гэв.

"Яг одоо хамгийн түрүүнд анхаарах ёстой асуудал бол боловсролын үйл ажиллагааг аюулгүй байдлаар үргэлжлүүлэх замаар хүмүүн капиталыг хамгаалах явдал"

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ерөнхий эдийн засагч Аадитя Маттоо “Өргөн хүрээтэй, олон чиглэлийг хамарсан арга хэмжээ авахгүй бол цар тахал бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дараагийн 10 жилийн турш жил бүр 1 нэгж хувиар ч бууруулж болзошгүй. Ингэхдээ эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг тэр болгон авч чаддаггүй, орлого багатай, ажилгүй, ядуу айл өрхүүд хамгийн хүнд байдалд орох эрсдэлтэй байна.  

Бас цар тахлаас шалтгаалан боловсролын байгууллуудыг хааснаар бүс нутгийн сурагчдын бодит түвшинд сурсан жил 0.7 жилээр хумигдахаар байгаа юм.

Үндсэндээ яг одоо хамгийн түрүүнд анхаарах ёстой асуудал бол боловсролын үйл ажиллагааг аюулгүй байдлаар үргэлжлүүлэх замаар хүмүүн капиталыг хамгаалах, татварын суурийг тэлснээр улсын хөрөнгө оруулалтыг бууруулахгүй байх, зарим хязгаарлалттай үйлчилгээний салбаруудын реформоор дамжуулан цахим технологийн үр ашгийг нэмэгдүүлэх зэргийг дурдаж болно” гэлээ.

"Хэрэгтэй бол бонд босгож болно. Гэхдээ тухайн бондын хүүгийн түвшин, тавигдаж буй нөхцөл нь чухал"
 
гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн банкны Монгол Улс хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану “Яг одоо бүс нутагт улсын болон хувийн хөрөнгө оруулалт маш чухал байна.

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын төсвийн алдагдал нэмэгдсэнээр 2020 онд Засгийн газруудын ДНБ-д эзлэх өр дунджаар 7%-аар нэмэгдэх төлөвтэй байна. Иймд шаталсан татварын системээр орлого төвлөрүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах замаар төсвийн реформыг хэрэгжүүлэхийг уриалж байна.

Зарим улс орны хувьд өрийн тогтвортой байдалд нь эрсдэл учирч гадаад зээл, тусламж шаардагдаж болзошгүй байна. Хэрэгтэй бол бонд босгож болно. Гэхдээ тухайн бондын хүүгийн түвшин, тавигдаж буй нөхцөл нь чухал. Ерөнхийдөө КОВИД-19-тэй холбоотойгоор бонд гаргах таатай нөхцөл бүрдсэн юм болов уу гэж харж байгаа” гэв.

Дэлхийн банкны тайлангийн танилцуулгын төгсгөлд Монгол Улсад тулгамдаж буй эдийн засгийн зарим арга хэмжээнд зөвлөмжүүдийг хүргэсэн билээ.

Өгсөн зөвлөмжүүдээс нь онцолбол, Монгол Улсын төсөв алдагдалтай харагдаж байгаа шалтгааныг багц арга хэмжээтэй холбон тайлбарлав. Гэхдээ эдийн засгийг сэргээх багц арга хэмжээний хувьд тодорхой хугацаатай байх ёстой. Тэгэхээр дараа жилийн төсөв энэ жилийнх шиг алдагдалтай байхгүй байх гэсэн юм. 

Харин зээлийн хүүг бууруулахад,

  • Зах зээлийн хэрэглүүрүүдийг ашиглах хэрэгтэй.
  • Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх хэрэгтэй
  • Макро эдийн засгийн тогтвортой түвшинг хадгалах зэрэг нь нөлөөлнө хэмээн Дэлхийн банкны эдийн засагчид зөвлөлөө.