Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ангарагийн хөрсөн дор давсархаг устай нуур нуугдаж байж болзошгүйг тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Италийн хэсэг эрдэмтэд хоёр жилийн судалгааны үр дүнд Ангараг гарагийн хөрсөн дор давсархаг устай нуур байж болзошгүй гэж дүгнэснээ Даваа гарагт “Nature Astronomy” сэтгүүлд мэдээлжээ.

Тэдний таамаглалаар Ангараг гарагийн өмнөд туйлд 20-30 км өргөнтэй нуур гадаргаас 1.5 км-ын гүнд оршиж байгаа гэнэ.

Энэ нуурын ойр орчимд хоорондоо холбоотой гурван жижиг цөөрөм байгааг мөн тогтоожээ. Ангараг нь дөрвөн тэрбум жилийн өмнө манай дэлхий шиг дулаан, ус чийгтэй гараг байсан гэдэг.

Италийн Рома Трэ их сургуулийн судлаач Себастян Эманэул Лаурогийн удирдсан баг манай дэлхийн умард ба өмнөд туйлуудын хөрсөн дор нуугдсан нууруудыг олж илрүүлдэг аргыг Ангарагт хэрэглэжээ.

Ингэхдээ тэд 2003 онд дэлхийгээс хөөргөсөн Mars Express станцаас 2010-2019 оны хооронд илгээсэн мэдээллүүдийг боловсруулж, шинжилсэн байна. Эрдэмтдийн дүгнэлтээр Ангарагийн нуурын усанд бичил микробууд амьдарч байж болзошгүй гэнэ.

Давсны агууламж өндөр тул ус хөлдөхгүй байгаа гэж үзсэн байна. Ангарагийн өмнөд туйл орчмын хөрсөн дээр температур Цельсийн -113 хэм орчим байдаг. Харин хөрсний гүн рүүгээ доошлох тусам аажмаар дулаардаг байна.

Ангарагт илгээх дараагийн судалгааны станцуудыг өмнөд туйлд ажиллуулж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах шаардлагатайг Италийн эрдэмтэд тайландаа бичжээ.

 

Эх сурвалж: Associated Press