Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Уулын Карабахт Армени-Азербайжаны тулаан өргөжлөө

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Армени, Азербайжан улсуудын хооронд Ням гарагт эхэлсэн зэвсэгт мөргөлдөөн Даваа гарагт улам эрчимжжээ.

Талууд харилцан нэг нэгнийхээ эсрэг пуужин харваж, их буугаар галлаж байна. “Энэ бол үхэл, амьдралыг шийдэх дайн” гэж Уулын Карабахын зэвсэгт бүлгийн тэргүүн Арайк Харутунян мэдэгджээ.

Дайтагч талуудын ар талд Орос, Турк улсууд зогсож байгаа. Армени улс бол Оросын холбоотон орон бөгөөд зэр зэвсгийн туслалцаа байнга үзүүлдэг. Харин Анкарагийн эрх баригчид үндэс угсаа, шашин нэгтэй Азербайжаныг тууштай дэмжиж байна.

“1990-ээд оны дайны дараа гал зогссоноос хойш бид ийм өргөн хэмжээний мөргөлдөөн үзээгүй. Энэ удаагийн тулаан фронтын бүх хэсэгт өрнөж байна” гэж Crisis Group стратегийн судалгааны байгууллагын Өвөр Кавказын бүс хариуцсан ахлах шинжээч Олеся Вартанян ярьжээ.

 

Уулын Карабах дахь армени үндэстний зэвсэгт бүлэглэл Даваа гарагт 27 хүнээ алдсан тухай мэдээлсэн байна. Ням гарагт тэд 31 хүн нь алагдаж, 200 орчим хүн нь шархдсан тухай мэдээлж байв.

Уулын Карабахын тал Азербайжаны талд Ням гарагт алдсан зарим газар нутгаа Даваа гарагт буцаан эзэлж чадсанаа мэдээлжээ.

Харин Даваа гарагийн байдлаар аль аль тал нь тактикын байрлалуудаа алдаагүйг мэдээлж байна.

Азербайжаны тал Даваа гарагт хоёр энгийн иргэн нь алагдсаныг мэдээлжээ. Ням гарагт таван иргэн нь алагдаж, 30 хүн шархдсаныг мэдээлж байсан юм. Харин зэвсэгт хүчнийхээ хохирлын талаар ямар нэг мэдээлэл өгөхгүй байна.

Азербайжан улс Ням гарагт зарим бүс нутагтаа дайны байдал зарласан бол Даваа гарагт эрчүүдийг цэрэгт дайчлах ажил зохион байгуулжээ. Армени болон Уулын Карабахт мөн дайны цагийн дэглэм тогтоож, цэрэг татлага явуулсан юм. Үүнээс гадна Армени улс 18-аас дээш насны эрчүүдээ хилээр гарахыг хориглоод байна.

1980-аад оны сүүлээр Зөвлөлт Холбоот Улсын нөхцөл байдал тогтворгүй болох үед Уулын Карабах дахь загалмайн шашинт армени үндэстнүүд ислам шашинт Азербайжанаас салан 

тусгаарлах тэмцэл эхэлж байжээ.

Улмаар 1990-ээд оны эхээр Армени улсын дэмжлэгтэй Уулын Карабахын арменичууд нутгаасаа азери хүмүүсийг хөөж, Бакуд захирагдахаа больсон юм. Энэ үеэр хоёр үндэстний хэдэн зуун мянган иргэд амьдарч байсан газраасаа нүүж байжээ.

Өчигдөр Туркийн ерөнхийлөгч Рэжэп Таийп Эрдоган даруй Азербайжаны газар нутгаас гарч явахыг Армени улсаас шаардсан байна. Тэрбээр Уулын Карабахын маргааныг нэг мөсөн шийдвэрлэх цаг болсныг анхааруулжээ.

Энэ үеэр Армений гадаад хэргийн яам Азербайжаны талд Турк улс зэвсэг техник нийлүүлж, цэргийн мэргэжилтнүүдээ илгээснийг шүүмжилсэн юм. Азербайжаны эрх баригчид энэ мэдээллийг няцаасан бол Туркийн тал ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Мөн сүүлийн үед Туркийн хяналтад байгаа Сирийн хойд нутгаас зэвсэгт бүлэглэлүүдийг Азрбайжанд туслуулахаар Уулын Карабах руу илгээсэн гэх мэдээлэл тараад байгаа юм. Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевын туслах Хикмат Хажиев уг мэдээллийг няцааж, Сирийн зэвсэгт бүлэглэлүүдээс тусламж авах шаардлага тус улсад байхгүйг мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters