Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Томуу төст өвчний реновирус, энтеровирусийн ялгаа болон илрэх шинж тэмдгүүд

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Одоогоор хүн амын дунд томуугийн вирус бус томуу төст өвчний энтеровирусийн халдвар буюу гар, хөл, амны өвчин, реновирусийн халдварууд эргэлтэд байгааг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмид өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

Иймд тэрбээр энтеровирус, реновирусийн онцлог шинжүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.

Энтеровирусийн халдвараар өвчилсөн хүүхдэд халуурах, суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрнэ

У.Цэвэгмид "Вирусийн онцлогоос хамаарч, томуу төст өвчний шинжүүд илэрдэг гэдгийг ойлгож хэрэгтэй.

Энтеровирусийн халдвар нь: Бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог бөгөөд хоолой залгиураар идээтэй тууралт гарах, гар хөлийн арьсаар цэврүүт тууралт гардаг онцлог шинж тэмдэгтэй.

Уг вирусийн халдвараар өвчилсөн бага насны хүүхдэд халуурах шинж давамгай илрэх ба хэвлийгээр базалж өвдөх буюу суулгах, бөөлжих онцлог шинж тэмдгүүдийг үүсгэдэг.

Тиймээс энтеровирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд яаран антибиотик хэрэглэж болохгүйг сануулья.

"Реновирус даарахад идэвхжиж, биеийн хэм хэвийн болоход идэвхгүй болдог онцлогтой"

Реновируст халдвар нь: Реновирусийн халдвар өнгөрсөн долдугаар сараас хойш хүн амын дунд бүртгэгдэж эхэлсэн.

Реновирус нь хамрын салстад байрлах бөгөөд даарснаас болоод буюу хүний биеийн хэм 33-35-д хүрмэгц тус вирус идэвхжиж эхэлдэг.

Тиймээс есдүгээр сарын эхээр хүйтэрсэн өдрүүдэд бага насны хүүхдүүд даарсны улмаас реновирус нь идэвхэжсэн байгаа.

Реновирусийн халдвар нь бага насны хүүхдэд хүндрэл үүсгэх эрсдэлтэй байдаг. Тухайлбал, тус вирус нь бага насны хүүхдэд дунд чихний үрэвсэл үүсгэж, чихнээс булга гарах, чихээр нь хатгаж өвтгөх шинж тэмдэг үүсгэнэ.

Мөн өсвөр насны хүүхдүүдэд гаймрын хөндийн үрэвсэл үүсгэж хүндэрсэн байдал ажиглагдаж байна.

Реновирусийн хувьд, даарахад идэвхэждэг хэдий ч хүний биеийн хэм буцаад 37 хүрэхэд идэвхгүй болдог онцлогтой.

Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад шуухина хүрсэн үед нь халуун бүлээн шингэн сайн уулгаж, дулаан хувцаслаж, биеийн хэм өсөхөд дэмжих хэрэгтэйг зөвлөж байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/360775685062317

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.