Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын татварын тайланг Нью Йорк Таймс ил болгов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өөрийгөө тэрбумтан гэж тодорхойлдог АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын татварын асуудал Америкийн улс төрийн нэг том сэдэв болдог.

Тэгвэл Ням гарагт Нью Йорк Таймс сонины эрэн сурвалжлах баг түүний сүүлийн 20 орчим жилийн хугацаанд АНУ-ын холбооны засгийн газарт төлсөн татварын мэдээллийг ил болгожээ.

Уг мэдээнд өгүүлснээр Дональд Трамп нь 2016 онд ердөө $750-ын татвар хувиасаа төлсөн бол 2017 онд буюу ерөнхийлөгчөөр ажилласан эхний бүтэн жилдээ мөн $750-ын татвар төлсөн байна.

Үүнээс гадна түүний эзэмшдэг Trump Organization компани тайланд тусгагдсан 18 жилийн хугацааны 11 жилд нь ашиггүй ажилласан шалтгаанаар огт татвар төлөөгүйг харуулжээ.

Трампын гол бизнесүүд болох гольф клубүүд, зочид буудлууд их хэмжээний санхүүгийн алдагдалтай гэсэн шалтгаанаар татвар төлөөгүй байна.

Ням гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп уг мэдээллийг “бүхэлдээ худал хуурмаг зүйл” гэж няцаажээ.

“Бүхэлдээ худал мэдээлэл. Би үнэндээ татвар төлж байсан. Аудитын шалтгалт дууссаны дараа би татварын тайлангаа та нарт үзүүлнэ. Үнэнийг хэлэхэд Холбооны Татварын Алба надтай тийм ч сайн харилцаатай байдаггүй” гэж Трамп хэлсэн байна.

Трампын татварын талаарх энэ мэдээ арваннэгдүгээр сарын 3-нд болох сонгуулийн үр дүнд муугаар нөлөөлж болзошгүй юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, улс төрийн өрсөлдөгчид нь Трампаас татварын мэдээллээ ил болгохыг удаан хугацааны турш шаардаж байв. Гэвч тэр 1970-аад оноос хойш татвар төлөлтийн мэдээллээ ил болгохыг эсэргүүцсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч болсон юм.

“Дөрвөн жилийн өмнө Дональд Трамп татвар төлөлтийн мэдээллээ ил гаргахаас татгалзаж, өмнөх ерөнхийлөгч нарын хэдэн арван жил үргэлжлүүлсэн уламжлалыг тасалдуулсан юм. Тэр цагаас хойш ерөнхийлөгч санхүүгийн баримтуудаа олноос нууцалж, бүр конгрессийн болон хууль сахиулагчдын шалтгалтаас хүртэл зугтаж байв. Америкийн иргэд ерөнхийлөгчийнхөө төлсөн татварын талаар мэдэх эрхтэй. Татвараас зайлсхийх арга мэх хэрэглэдэг, мөнгө санхүүгийнхээ талаар нийтэд худлаа ярьдаг хүн Цагаан ордонд суух ёсгүй” гэж “Stand Up America” төрийн бус байгууллагын төлөөлөгч Райан Томас мэдэгджээ.

 

Эх сурвалж: The Guardian